Габонд цэргийн эргэлт болжээ
2023-08-30

Африк тивд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж байна. Саяхан энэ тивийн Бүгд Найрамдах Нижер Улсад цэргийн эргэлт гарсан бол энэ удаад Габонд эргэлт гарчээ. 

 

AFP агентлагийн мэдээлснээр, Габоны цэргийнхэн төрийн бүхий л институтуудыг тарааж, болж өнгөрсөн Ерөнхийлөгч болон парламентын сонгуулийн үр дүнг цуцалсан талаараа телевизийн сувгаар зарласан байна. 

 

"Шилжилт, институтуудыг сэргээн босгох хороонд цугласан батлан хамгаалах, аюулгүй хүчнийхэн бид Габоны ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Бонго Ондимбын дэглэмд цэг тавьж, энх тайвныг хамгаалахаар шийдлээ" хэмээн армийн төлөөлөгчид мэдэгджээ.  Хэвлэлүүдийн мэдээлснээр, одоо Габоны нийслэл Либревилд автомат зэвсэг ашиглан, буудалцаан болж байгаа гэнэ. 

 

Өнгөрсөн бямба гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Ерөнхийлөгч Али Бен Бонго Ондимбы ялалт байгуулсан талаар сонгуулийн хороо албан ёсоор зарласнаас хэдхэн цагийн дараа ийнхүү төрийн эргэлт гарсан байна. Сонгуулийн дүнгээр түүний төлөө сонгогчдын 64,27 хувь саналаа өгсөн гэх бөгөөд ингэснээр тэрбээр гурав дахь удаагаа улиран сонгогдсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин