Шанхайн дэлгүүрүүд чихэрлэг ундааны хор уршгийг анхааруулах мэдээллийн самбартай болно
2023-08-30

Элсэн чихрийн хэт их хэрэглээ хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэддэг ч зохистой хэрэглээг тэр бүр нэвтрүүлж чаддаггүй. Түүнчлэн хүмүүс, тэр дундаа хүүхдүүдийн ихээр дурладаг ундаанд элсэн чихэр агуулагддаг нь дэлхий даяар ихээхэн санаа зовнисон асуудлуудын нэг болоод байгаа юм.

 

Тиймээс Хятадын Шанхай хотод элсэн чихрийн хэт их хэрэглээ эрүүл мэндэд хор хохирол учруулдагийг хүмүүст ухааруулах онцгой төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Төслийн хүрээнд хотын 159 дэлгүүрт ундааны тавиур дээр өнгө өнгөөр ялгасан мэдээлэл тавихаар болжээ. Эдгээр нь тухайн ундаанд агуулагдах элсэн чихрийн хэмжээг заахгүй, харин өнгөөр ялгасан ангиллуудын талаар сэрэмжлүүлэг өгөх аж. 

 

Тодруулбал, ногоон өнгөөр ялгасан тавиурууд дээр элсэн чихэр бага агуулагдсан ч илчлэгийг нь шалгах ёстой ундаанууд зарагдах гэнэ. Харин улбар шар өнгөөр ялгасан мэдээлэлд нэмэлт эслэн чихрийн хэрэглээгээ хязгаарлахыг сануулах юм байна. Улаан өнгөөр ялгасан хэсэгт чихэрлэг ундаа хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхийг анхааруулах аж.

 

Өнгөөр ялгах системийг Шанхайн эрүүл мэндийн хяналт, өвчнөөс урьдчилан сэргийлэх төв наймдугаар сарын дундуур гаргажээ. Өмнө нь ийм аргыг Гуандун мужийн Шэньжэн хотод ашиглаж эхэлсэн аж.

 

Энд дуулгахад, Хятадын эрх баригчид 2030 он гэхэд нэг хүний өдрийн элсэн чихрийн хэрэглээг 25 граммаас бага болгох зорилт тавьсан юм. 2019 онд энэ үзүүлэлт 30 грамм байжээ. Элсэн чихрийн хэт их хэрэглээ эрүүл мэндэд муугаар нөлөөлж, илүүдэл жин зэрэг олон асуудлыг дагуулж байгаа тул ийм зорилт тавьсан байна. Саяхан Хятадад хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 35 хувь нь илүүдэл жинтэй, 14 хувь нь таргалалттай гэсэн дүн гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин