АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа Украинд үзүүлэх цэргийн ээлжит тусламжаа зарлажээ. Энэ удаад 250 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж Төрийн департаментын сайт дээр нийтлэгдсэн мэдээлэлд өгүүлсэн байна.
АНУ-ын үзүүлэх цэргийн тусламжийн энэ удаагийн багцад HIMARS шуурган галын пуужингийн системийн сум, AIM-9M пуужин, 155 миллиметр болон 105 миллиметрийн артиллерийн сум багтжээ. Түүнчлэн, танк эсэргүүцэх Жавелин комплекс, гурван сая гаруй сум, эмнэлгийн түргэн тусламжийн машин, өмнө нь тусламжаар олгосон техникийн сэлбэг хэрэгсэл багтаж байгаа аж.
Өмнө нь, наймдугаар сарын 14-ний өдөр АНУ ээлжит цэргийн тусламжаа илгээхээр болсон талаар зарлаж байлаа. Украинд үзүүлж буй 44 дэх багц тусламжид 200 сая долларын үнэ бүхий зенит пуужингийн комплексийн сум, 120 миллиметрийн танкийн сум зэрэг багтаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |