Чили улсад одоогоос 42 жилийн тэртээ төрөх эмнэлэгт хүүхэд хулгайлсан хэрэг гарчээ. Тухайн үед хулгайлагдсан хүү өсөж том болон 42 жилийн дараа төрсөн ээжийгээ олж уулзсан талаар МИР24 суваг мэдээлсэн байна.
Тодруулбал, Чилийн оршин суугч Мария Гонсалес 42 жилийн тэртээ хүү төрүүлж, хүүдээ Жимми гэдэг нэр өгчээ. Гэвч эмнэлэгт байхад нь эмч нар түүнд хүү нь өвчинтэй төрсөн, амьд гарч чадаагүй гэж хэлсэн байна. Харин үнэндээ хүүг үл мэдэгдэх хүмүүс хулгайлж, АНУ-ын иргэдэд үрчлүүлсэн байжээ.
Хүү өсөж том болсон ч төрсөн ээж ааваа хайх талаар бодож байгаагүй гэнэ. Харин нэгэн удаа Жимми нэгэн төрийн бус байгууллагын ачаар гэр бүлтэйгээ эргэн уулзсан, үрчлэгдсэн чили хүүхдүүдийн тухай мэдээ олж уншжээ. Ингээд төрийн бус байгууллагын ажилтнуудаас тусламж гуйж, тэд Жиммитэй холбоотой мэдээллүүдийг хайж эхэлсэн байна.
Ингээд эрэл хайгуул хийсний дүнд Жиммигийн үеэл ахтай холбогдож чаджээ. Харин үеэл ах нь Жиммиг амьд мэнд байдаг гэдгийг огт мэдээгүй байсан бөгөөд энэ мэдээг сонсоод ихэд цочирдсон гэнэ.
Улмаар үеэл ах нь Жиммиг ээжтэй нь уулзуулахаар болжээ. Ингээд Жимми Чили улс руу эхнэр, хоёр хүүхдээ дагуулан төрсөн ээжтэйгээ уулзахаар очсон аж. "Чамтай яг юу тохиолдсоныг мэдэх өдөр хүртэл эсэн мэнд явуулж өгөөч гэж бурханд залбирч байсан" хэмээн ээж нь ярьжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |