Наймдугаар сарын 23-ны өдөр Оросын Тверь мужид хувийн онгоц осолдсон. Энэ онгоц нь Вагнер компанийн эзэн Пригожинийнх байсан бөгөөд тэрээр энэ онгоцонд Вагнерын бусад командлагчдын хамт зорчиж явсан гэж албаны эх сурвалжууд болон хэвлэлүүд мэдээлсэн юм. Осол болсноос нэг хоногийн дараа онгоцонд зорчиж явсан хүмүүсийн цогцсонд ДНХ шинжилгээ хийж, онгоцны ослоор амиа алдсан хүн нь Пригожин болон жагсаалтад нэрс нь байсан бусад хүмүүс мөн болох нь тогтоогдсон ч "Пригожин амьд" гэх таамаг мэдээлэл хэвлэлүүдээр тархсаар байна. Сүүлд гэхэд л Британийн Daily Mail сонинд гарсан нийтлэлд Пригожин амьд гэж Оросын улс төр судлаач Валерий Соловей ярьжээ.
Тодруулбал, Оросын улс төр судлаач Валерийн Соловейн үзэж байгаагаар, Вагнерын эзэн Евгений Пригожин Тверь мужид осолдсон онгоцны сүйрлээр амиа алдаагүй, түүний оронд Пригожинийг орлодог хүн амиа алдсан, харин жинхэнэ Пригожин тун удахгүй эсэн мэнд гарч ирэх гэнэ.
Онгоцыг сөнөөхийг зөвшөөрсөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Пригожин ихэд уурссан, тэр дундаа онгоц сүйрэх үед тухайн онгоцонд байсан өөрийг нь орлон тоглодог хүн болон Вагнерын командлагчдыг хөнөөсөнд ихэд уурссан, энэ үйлдлийн төлөө өшөө авахаар удахгүй гарч ирнэ гэж Соловей ярьжээ. Түүний өгүүлснээр, Пригожин одоо нэг улсад байгаа, гэхдээ энэ нь Африкийн орон биш гэнэ.
Жинхэнэ Пригожин хаана байгааг Соловей мэдэж байгаа ч одоо үүнийг хэлэх цаг нь болоогүй, "дараа сарын эхээр" зарлаж болох юм хэмээн Daily Mail сонинд ярьсан байна. Түүний ярьж байгаа үнэн бол есдүгээр сарын эхээр Пригожиний байгаа газрыг тэр хэлэх нь.
Ослын тухайд гэвэл, онгоцны сүйрлийг Кремлийн тэргүүн Оросын Үнэдсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран хийсэн гэдэгт улс төр судлаач итгэлтэй байгаа гэнэ. Гэхдээ онгоцыг дотроос нь дэлбэлээгүй, Путиний зөвшөөрснөөр агаараас эсэргүүцэн хамгаалах системийн пуужин ашигласан гэж Соловьей өгүүлжээ. Түүний өгүүлснээр, Путин ч Пригожинийг амьд гэдгийг мэдэж байгаа аж.
Мөн энэ нийтлэлд Пригожинийг орлодог хүний паспортын зургийг нийтэлсэн бөгөөд чухамхүү энэ хүн онгоцны ослоор амиа алдсан гэж бичсэн байна.Энэ паспорт дээрх нэр овог мөн л Евгений Пригожин гэж бичсэн байх аж.
Энд дуулгахад, зургадугаар сарын сүүлээр Пригожин бослого гаргасны дараа түүний гэрт нэгжлэг хийхэд өөр өөр нэртэй олон хуурамч паспорт илэрч байлаа. Үүнээс үүдэн, Пригожинийг орлодог хүмүүс байдаг гэх яриа гарах болсон юм. Тиймдээ ч жинхэнэ Пригожин онгоцны ослоор амиа алдаагүй, хаа нэгтээ нуугдаж байгаа гэх яриа улам бүр газар авч байна.
Г.Бямбасүрэн