Наймдугаар сарын 23-ны өдөр "Вагнер" хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожиний хувийн онгоц Тверь мужид сүйрсэн. Энэ онгоцны ослоор Пригожин болон Вагнерын командлагчид амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байлаа.
ВИДЕО: Пригожин онгоцны ослоор амиа алджээ
Пригожинийг оршуулах ёслол мягмар гарагт Санкт-Петербург хотноо болжээ. Энэ талаар Пригожиний хэвлэлийн алба Телеграм сувагтаа мэдээлсэн байна. Мэдээлэлд "Салах ёс хийх хүсэлтэй хүмүүс Пороховын оршуулгын газар ирж болно" хэмээн бичсэн байна.
"Дождь" сувгийн мэдээлснээр, Пригожиний ар гэрийнхний хүсэлтээр түүнийг оршуулах ёслолд гагцхүү ойр дотныхон болон дотны найзууд нь оролцжээ. Пригожинтой салах ёс хийх ёслол Порховын оршуулгын газарт 16:00 цагт дууссан, харин онгоцны ослоор амиа алдсан бусад хүмүүсийг энэ газар оршуулаагүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Евгений Пригожинийг эцгийнх нь булшны дэргэд оруулсан байна. Пригожин ОХУ-ын баатар цолтой, гэхдээ түүнийг оршуулах ёслол дээр Оросын баатруудад үзүүлдэг цэргийн хүндэтгэлийн ёслол болоогүй, ёслолын буудлага буудаагүй аж. Оршуулах ёслолд 20-30 хүн оролцжээ.
Фонтанка сонины мэдээлснээр, Пригожинийг оршуулах ёслол болох талаарх мэдээлэл гарсны дараа оршуулгын газарт Оросын гвардын алба хаагчид ирж, нутаг дэвсгэрийг бүрэн бүсэлсэн байна. Мөн оршуулгын газарт металл илрүүлэх төхөөрөмж байршуулжээ.
Түүнчлэн оршуулгын газрын хамгаалалтад цагдаа, цэргийн цагдаагийн ажилтнууд зогсож, кинологчид, минигүйжүүлэх мэргэжилтнүүд, дрон эсэргүүцэх зэвсэг бүхий хүмүүс байсан гэнэ.
Евгений Пригожинийг оршуулсан талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк тайлбар хийхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "айж байгаа" учир нууцаар оршуулсан хэмээн онцолсон байна.
"Вагнер"-ын эзэн агсан Пригожинийг нууцаар оршуулсан нь Путин үнэхээр их айж байгаагийн илрэл. Тверьт түүнийг ил тодоор хөнөөсний дараа ч Оросын дарангуйлагч олны жинхэнэ эсэргүүцлээс үхтлээ айж байна. Нэр хүнд нь үргэлжлэн унахаас айж байна. Өөрсдийнхөө "баатрууд"-ыг ч нууцаар цааш харуулж, тэднээс айж байна" хэмээн Подоляк мэдэгджээ.
Түүний ийн мэдэгдэх болсон нь Пригожинийг хөнөөх тушаалыг Путин өөрөө өгсөн гэх таамаглалтай холбоотой юм. Евгений Пригожин зургадугаар сарын сүүлээр "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлан, зэвсэгт бослого гаргахыг завдсан. Тэрээр тухайн үед Батлан хамгаалах яамны удирдлагуудаас болж ОХУ дайнд ялагдаж байгаа хэмээн мэдэгдэж байв. Түүний бослого 24 цаг үргэлжилж, улмаар Беларусийн Ерөнхийлөгч Лукашенко хэлэлцээ хийснээр Пригожин бослогоо зогсоон, Беларусь руу хөлсний цэргүүдээ байршуулж байлаа. Энэ бослого нь Путиний нэр хүндийг ихээр унагасан, өөрийнх нь өөдөөс сөргөлдөх хүн гарсанд ихэд уурссан тул Путин Пригожинийг хөнөөх тушаал өгсөн гэсэн хувилбар ихээхэн тархаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |