ОХУ-ын Псков хотын нисэх буудал руу дроноор халджээ
2023-08-30

ОХУ Украин руу халдаж, энэ хоёр орны хооронд дайн дэгдсээр хэдийнэ нэг жил зургаан сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Оросын арми Украины хот тосгодод цохилт өгч, дэд бүтцэд асар их хохирол учруулсан бол сүүлийн саруудад Оросын талд ирэх дроны цохилт нэмэгдсээр байна. Украинтай хил залгаа Оросын нутгуудад дроноор хэдэнтээ цохилт өгч байсан бол энэ зунаас дроны халдлага Москва хотыг чиглэх болсон. Харин энэ удаад Украинаас 700 км зайд орших Псков хот нисэгчгүй нисэх аппаратын халдлагад өртжээ. 

 

Тодруулбал, наймдугаар сарын 30-нд шилжих шөнө Псков хотын "Кресты" олон улсын нисэх буудал дроны халдлагад өртсөн гэж Псков мужийн захирагч Михаил Ведерников мэдэгдсэнийг DW дамжуулжээ. Түүний өгүүлснээр, Оросын цэргийнхэн дронуудыг амдан устгах ажил хийж байгаа гэнэ. 

 

"Хэрэг явдал эхэлсэн мөчөөс эхлэн хэргийн газар дээр байна. Урьдчилсан мэдээллээр, халдлагын улмаас хүн хохироогүй. Эвдрэл гэмтлийн хэмжээг тогтоохоор ажиллаж байна" хэмээн Псков мужийн захирагч мэдэгджээ. 

 

Нисэх буудал дээр дэлбэрэлт болсон талаар хамгийн түрүүн мэдээлсэн "Псковская губерния" сонины мэдээлснээр орон нутгийн оршин суугчид дэлбэрэх, автомат буугаар буудах чимээ сонсогдсон талаар ярьсан гэнэ. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, наймдугаар сарын 30-нд шилжих шөнө Псков хотын нисэх буудал руу 10-20 дрон халдсан, тэдгээрийг буудан унагах оролдлого хийсэн аж. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ хэрэгтэй холбоотой ямар нэг тайлбар хийгээгүй байна. Урьдчилсан мэдээллээр, нисэх буудал руу халдах үед цэргийн тээврийн Ил-76 дөрвөн онгоц гэмтсэн гэнэ. Псковын нисэх буудал дээр Ил-76 онгоцоор зэвсэглэгдсэн 334 дугаар цэргийн тээврийн хороо байршдаг юм. 

 


Mash сувгийн мэдээлснээр, халдлагын үеэр нэг дрон нисэх буудлын нутаг дэвсгэр дээр байх түлш цэнэглэх цогцолборыг оносны улмаас их хэмжээний гал түймэр гарчээ. Дрон түлшний нөөцлүүрийг оносны улмаас гарсан галыг шөнийн нэг цагийн орчимд буюу Улаанбаатарын цагаар 06:00 цаг орчимд галыг унтраасан байна.

 

Нисэх буудал руу хийсэн халдлагын гол бай нь энэ буудлын бүсэд байрлах газрын тосны бааз байсан байж болзошгүй гэж "Псковская губерния" сонин бичжээ. Өөр нэг хувилбараар бол, 2022 онд Буча хотыг эзлэн түрэмгийлэхэд оролцсон, 104 дүгээр десантын хороо байрлах Черехинскийн цэргийн бааз дээр цохилт өгөх зорилготой байсан гэнэ. Нисэх буудал руу халдсан дронуудыг хаанаас нисгэсэн нь тодорхойгүй. Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, Псков Украины хооронд 700 км орчим зайтай, тиймээс Украинаас нисгэсэн байх боломжгүй, харин Украиныг дэмждэг Латви 50 километр, харин Эстони ердөө 30 километр зайд оршдог тул чухамхүү тэндээс дронуудыг хөөргөсөн байж болзошгүй аж.

 

Дроны халдлагад өртөж, нөхцөл байдал хүндэрсэн тул нисэх буудлын хөөрөх, газардах зурвасын гэмтлийг тогтоох хүртэл наймдугаар сарын 30-ны өдрийн бүх нислэгийг цуцалсан байна. Түүнчлэн, Москвагийн Внуково нисэх буудлыг ч түр хаажээ.Мөн Псков муж, ойролцоох бүс нутгийн агаарын орон зайг бүрэн хааж, онгоц нисэхийг хориглосон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мояа:
Орос ар нар маань дөрөвхөн онгоцоор хотойх хүмүүс биш ээ. Удахгүй хариуг нь барьж Киев хотын орон сууцуудыг пуужиндана
2023-08-30
Түрэмгий орос сүйрч бна уу даа
2023-08-30