2020 наймдугаар сараас эхлэн үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнасан АН 2024 оны сонгуулийн өмнөхөн "эв нэгдлээ" зарлалаа. Зодоондоо, хэрүүлтэй, дуулиан шуугиантай эхэлсэн АН-ынхны Үндсэн бодлогын хороо өчигдөр орой тэргүүн дэд дарга, дэд дарга нараа сонголоо.
Тодруулбал, Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, Ардчилсан намын дэд даргаар Р.Амаржаргал, С.Буяндэлгэр, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Ш.Жандос, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ж.Баярмаа, П.Батчимэг, Э.Одбаяр, Т.Пүрэвхатан, Ш.Түвдэндорж, Ц.Уртнасан, Р.Эрдэнэбүрэн нарыг тус тус томиллоо.
Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт: Монгол Улсад оффшор гэгчийг таниулсан нэгэн. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг Хятад Улсын харъяат гэх мэдээлэл ч гарч байв. Фанамын баримт дэлгэгдэхэд Монгол Улсын иргэн бус байдлаар мэдээлэл үүсгэсэн нь ийнхүү олон нийтэд тархаж, шүүмжлэл дагуулсан юм. Оффшорын асуудал дэлгэгдэхээс өмнө улстөрийн хүрээнд танигдсан нэгэн байв. Тэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчны сайд, Сангийн сайд байсан. Бас МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч, МЗХ-ны ерөнхийлөгч, МСДН-ын дэд даргаар ажиллаж байв.
Гэвч 2018 онд Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудал сөхөгдөж, намаасаа хүртэл хөөгдсөн. Үүнээс хоёр жилийн дараа 2020 оны тавдугаар сарын 14-нд АН-ын ҮБХ-ны хурлаас С.Баярцогтын намын гишүүнчлэлийг сэргээж, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олгосон ч хууль шүүхийн асуудал үргэлжилж, эцэст нь түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин одоо тэрбээр намын тэргүүн дэд даргаар эргэн эрэлтээ зарлалаа.
Дэд дарга Р.Амаржаргал: 2016 сонгуулиас хойш нам гүмхэн амьдарч байсан Р.Амаржаргал 2020 оны АН-ын хуваагдлын дараа намынхаа нэгдлийн төлөө чамгүй зүтгэсэн нэгэн. Улстөрийн хүрээнд толгой эдийн засагч хэмээн яригддаг түүний хувьд 1998 онд Гадаад харилцааны сайд, 1999 оны 7-р сараас 2000 оны 7-р сар хүртэл Монгол улсын 21 дэх Ерөнхий сайдаар ажилласан байсан намтартай нэгэн. Харин одоо АН-ын дэд даргаар улстөрийн замналаа үргэлжлүүлэх нь.
Дэд дарга С.Буяндэлгэр: О.Цогтгэрэл түр хугацаанд АН-ын даргаар ажиллаж байхдаа түүний АН-ын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилж байв. С.Буяндэлгэр нь Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар тодорхой тооны хөгжлийн хөтөлбөрүүд мөн Олон улсын байгууллага, Орон нутгийн захиалгаар бүсийн болон аймгуудын хөгжлийн хөтөлбөр, бизнесийн байгууллагуудын захиалгаар стратегийн бичиг баримт боловсруулах чиглэлд ажиллаж дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулахад гар бие оролцсон нэгэн.
Дэд дарга Ч.Өнөрбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Хууль мэргэжилтэй. Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байсан. 2020 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас 29 дүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж байсан.
Дэд дарга Ц.Жадамбаа: Хуульч, Мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Улс төрийн боловсролын Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтнаас ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр Глобал Удирдагч сангийн үүсгэн байгуулагч, захирал, Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал, Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, агентлагийн даргаар ажиллаж байсан намтартай. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар 8 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байв.
Дэд дарга И.Мөнхжаргал: Түүний хувьд АН-ын Дотоод Сонгуулийн Хорооны даргаар ажиллаж байсан. Үүний дараа Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Энэ бол Ардчилсан нам хөл толгойгоо олохгүй бужигнаж байх үе буюу улирал бүр нэг дарга сонгогдож байсан цаг үе л дээ. Харин одоо АН-ын 15 дэд даргын нэгээр сонгогдон ажиллахаар болж байна.
Дэд дарга Ш. Жандос: Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн үйлчилгээний хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв. Түүний хувьд "Алтайн хөгжил сан"-гийн гүйцэтгэх захирал, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Геологийн төв лабораторийн Тамгын газрын дарга, Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байса намтартай.
Дэд дарга О.Алтангэрэл: Өмгөөлөгч О.Алтангэрэл Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан намтартай.
Дэд дарга П.Галиндэв: Чингис Соосэ олон улсын сургуулийг дипломатч мэргэжлээр төгссөн. Намтар судлалын хүрээлэнд гүйцэтгэх захирал, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албаны дарга, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөний Тэргүүнээр ажиллаж байсан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн.
Дэд дарга Ж.Баярмаа: “Авилгагүй сонгууль-тунгалаг ирээдүй” ТББ-ын тэргүүн, судлаач. Өнгөрсөн жил тэрбээр АН-ын ҮБХ-ны тамгын газрын даргад өрсөлдөж байв.
Дэд дарга П.Батчимэг: Багш мэргэжилтэй. Цагдаагийн Академид ахлах багш, БСШУ-ны яамны мэргэжилтэн, “АПУ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг. 2008, 2012, 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Дэд дарга Э.Одбаяр: АН-ын Ажлын албаны даргаар ажилладаг. Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан.
Дэд дарга Т.Пүрэвхатан: Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулсан Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар АН-ын дэд даргаар сонгогдож байсан. Энэ удаад Л.Гантөмөр даргын багт ажиллахаар ийнхүү дэд даргын албан тушаалд томилогдлоо.
Дэд дарга Ш.Түвдэндорж: Хуульч, улс төрч мэргэжилтэй. МҮАН-ын дүүргийн дарга, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, МОАХ-ны дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашсан. Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан.
Дэд дарга Ц.Уртнасан: С.Эрдэнийг тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдож байсан.
Дэд дарга Р.Эрдэнэбүрэн: Эрхзүйч мэргэжилтэй. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөх, Ардчилсан намын даргын зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж байсан.