Оросын цэргийн алба хаагчид Украинд "тусгай даалгавар" биелүүлэх морьдыг авчиржээ. Тэднийг эргүүл хийх, тулааны бүсэд ачаа хүргэх зорилгоор ашиглана гэж "Башинфо" мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Башкираас дайчлагдсан эрчүүд алба хааж буй Башкирын хорооны командлагчийн хүсэлтээр фронт дээр хоёр морь хүргэжээ. Эдгээр морьд команд сурсан, байлдааны бэлтгэлд хамрагдсан, чанга чимээ, буун дуу болон сум дэлбэрэх чимээнд дассан гэж Башкирын хорооны дарга өгүүлсэн байна.
Түүний өгүүлснээр, техник хэрэгсэл хангалтгүй байгаа, үүний зэрэгцээ мориор ачаа зөөхөд чимээ шуугиан гарахгүй, анзаарагдахгүй байх боломжтой тул ихээхэн давуу талтай гэнэ. "ГАЗ-66 машин ашиглаж болно л доо, эсвэл дрон ч юм уу. Гэхдээ эдгээрийг ашиглахад анзаарагдах эрсдэл их. Харин үүрээр байлдааны бүс рүү чимээ шуугиангүй, бусдад анзаарагдалгүйгээр мориор ачаа хүргэх боломжтой" гэж Башкирын хорооны дарга өгүүлжээ.
Энэ хорооны цэргүүдийн өгүүлснээр, "Аугаа их Эх орны дайны жилүүдийн морин цэргүүд шиг" байлдааны даалгавар биелүүлэхийн тулд Башкираас морьдыг авчрах хүсэлт тавьсан гэнэ. Мөн эдгээр морьд цэрэг эрсийн "эр зориг"-ийг сэргээхэд тусална гэж удирдлагууд нь үзэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |