Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар хотын түгжрэлийн талаар зарим тоо баримтыг өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.
Энэ үеэр "Өнөөдрийн байдлаар 11 мянган зам тээврийн осол гарсан. Үүнд ногдуулсан торгуулийн 76 хувь нь төлөгдөөгүй байна. Улаанбаатар хотод өдөрт 450 гаруй мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Иймээс замын хөдөлгөөний удирдлагын системыг ухаалаг систем руу шилжүүлэх шаардлагатай. Тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажил үргэлжилж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр Замын хөдөлгөөний зөрчлийг эрс багасгаж, зохиомол түгжрэлийг 20 хувь бууруулах боломж бүрдэнэ. Энэ бол замын хөдөлгөөний танхайрлыг зогсоох гол ажлын нэг.
Намайг ажил авахад нийтийн тээвэр нэгдүгээрт гэдэг бодлого байгаагүй. Холбоос зам гэдэг бодлого байгаагүй. Одоо бид бодлогоо хэрэгжүүлэх асуудалд анхаарч ажиллаж байна. Миний хувьд нэг жил орчим хугацаанд ажиллаж байна. Удахгүй Ерөнхий сайдад ажлаа тайлагнана" гэлээ.
Мөн тэрбээр энэ үеэр метро барих асуудлаар ажиллаж байгаа талаараа "БНСУ-ын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байна. Эхний ээлжинд ТЭЗҮ-ээ хийлгэх, санхүүжилт хөрөнгө оруулалт олох, БНСУ-д мэргэжилтэн сургах асуудлыг судалж байна. Хоёр хүнийг БНСУ-д сургана. Мэргэжилтэнтэй болж байж метро байгуулах талаар ярих ёстой" гэсэн юм.
Уншиж байна |