Наймдугаар сарын 23-ны өдөр хувийн онгоцоороо зорчиж яваад онгоцны ослоор амиа алдсан Евгений Пригожиний цогцосыг наймдугаар сарын 27-ны өдөр түүний Вагнер компанийн төлөөлөгчид авч, Санкт-Петербург хотыг зорьжээ.
УНИАН агентлагийн мэдээлснээр, Пригожинийг сүүлчийн замд нь үдэх ёслол наймдугаар сарын 29-ний өдөр Санкт-Петербург хотноо болох гэнэ. Гэхдээ энэ мэдээлэл батлагдаагүй гэж эх сурвалж онцолжээ. Мөн Пригожиний гэр бүл салах ёс хийх ажиллагааг цөөн хүний бүрэлдэхүүнтэй хийхээр төлөвлөж байгаа бөгөөд гагцхүү тусгай тэмдэгтэй хүмүүс л оршуулгын ёслолд оролцох аж.
Евгений Пригожинийг хэрхэн оршуулах талаарх мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Тэрээр Оросын баатар цолтой, тиймээс түүнд баатруудад үзүүлдэг шиг хүндэтгэл үзүүлэх эсэх нь ихээхэн анхаарал татаж байна.
ОХУ-ын Баатар цолтой хүмүүсийг ихэвчлэн Мытищы дахь цэргийн оршуулгын газар оршуулдаг. Энэ оршуулгын газар ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэлд байдаг аж. Орос дахь томоохон энэ оршуулгын газар Орос, ЗХУ-ын Зэвсэгт хүчний өндөр цол хэргэмтэй цэргийн хүмүүс, түүнчлэн улсынхаа өмнө онцгой гавьяа байгуулсан энгийн иргэдийг оршуулдаг юм байна.
Мөн ОХУ-ын баатруудад онцгой хүндэтгэл үзүүлдэг аж. Гуч орчим хүн авсыг доош буулгах үед маршаар алхаж, ёслолын буудлага буудаж, автомат буутай цэргүүд гурвантаа гал нээхийн дээр оршуулгын ёслолын үеэр ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэх үлээвэр найрал хөгжим баатрын оршуулах ёслолд оролцдог юм байна.
Г.Бямбасүрэн