Ирэх сараас Парист цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээг хориглоно
2023-08-28

Францын нийслэл Парис хотод есдүгээр сарын нэгний өдрөөс цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээг хориглох шийдвэр үйлчилж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хотын захиргаа энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг гурван компанитай хийсэн гэрээгээ сунгаагүй аж. 

 

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, хотоор нэг тархсан цахилгаан скүүтэр, энэ тээврийн хэрэгслийг ашиглах үеийн хөдөлгөөний аюулгүй байдал зэргээс үүдэн цахилгаан скүүтэрийг цаашид ашиглах эсэх талаар хотын хэмжээнд олон нийтийн санал асуулга зохион байгуулжээ. Энэ санал асуулгад 100 мянга гаруй оршин суугч оролцсоноос 89 хувь нь скүүтэрийг хориглох санал өгсөн байна. 

 

Энд дуулгахад, Парис хот 2018 онд гар утасны апликейшний тусламжтайгаар богино хугацаагаар цахилгаан скүүтэр түрээслүүлэхийг зөвшөөрсөн Европын анхны хот болж байлаа. Хоёр дугуйт энэ тээврийн хэрэгслийг дэлгэрүүлснээр хотод машины яндангаас гарах утааны хэмжээг бууруулахыг эрх баригчид зорьж байв. Гэсэн ч цахилгаан скүүтэр туршсан эхний жилд л Парисын оршин суугчдаас байнга гомдол ирэх болж, явган зорчигчтой мөргөлдсөн, явган хүний зам дээр скүтер олноор нь бөөгнөрүүлж, зам хааж орхисон гэх гомдлууд тасрахаа больсон аж. Ингээд олон нийтийн санал асуулгаар цахилгаан скүүтэр түрээсийн үйлчилгээг хориглосноор Парис мөн л ийм хориг тавьсан анхны нийслэл болж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Manaid ch gesen bolimoor bn...unen teertei bn
2023-08-28