Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шотландын Лох-Несс нуур "Лох Нессийн мангас"-ыг хайх гэсэн олны хөлд дарагджээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, эрэг дээр 200 гаруй хүн цуглан, усны толиог ажиглаж, бага ч атугай сэжигтэй хөдөлгөөн илрэхийг ажиглан бүтэн өдөр болсон ч ямар ч "мангас"-ыг олоогүй гэнэ.
"Ангуучид" акустик тоног төхөөрөмж, дрон зэрэг орчин үеийн хэрэгсэл ашигласан бөгөөд цаг агаар таагүй байсан ч дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирсэн гэж "Лох Нессийн мангасыг ангуучлах" ээлжит ажлыг зохион байгуулсан хүмүүс өгүүлсэн байна.
Лох-Нессийн мангас
Лох-Несс нууранд "мангас" бий гэх яриа эртнээс л гарч, түүнийг харсан гэх хүмүүс барин тавин батлан ярьсаар л байв. Энд үнэхээр аварга амьтан байдаг бол энэ нь Триасын үеэс Цэрдийн галавын үед дэлхий дээр амьдарч байгаад санаандгүй тохиолдлоор амьд үлдсэн плезиозавр байж болзошгүй гэнэ.
Лох Нессийн мангасын талаар анх 565 оны судар бичигт бичсэн байв. Тухайн үед Ирландын санваартан түүнийг харсан гэх бөгөөд санваартан мэгдэж сандралгүй мөргөл уншихад мангас зугтсан гэж бичжээ.
Ингээд 1870-1880-аад онд Шотландын оршин суугчид энэ амьтныг хоёронтаа харсан хэмээн бичиж үлдээсэн байна. Харин одоогоос 90 жилийн тэртээ, 1933 оны тавдугаар сарын хоёрны өдөр нэгэн сонин "давлагаан дундуур явж байсан асар том амьтныг харсан" гэх нутгийн хоёр хүний яриаг нийтлэснээр олны дунд ихээхэн шуугиан тарьжээ.
Ихээхэн дуулиан тарьсан энэ түүхийн дараа нэгэн явуулын цирк нэн ховор энэ мангасыг олж авчирсан хүнд тухайн үед асар их мөнгө болох 20 мянган фунт амлаж байв.
Үүний дараа, нууцлаг амьтан ойгоос гарч, Шотландад амарч явсан эмчийн машины урдуур зам хөндлөн гарсан, мангас амандаа хонь зуусан байсан, зам гараад Лох-Нессийн нуур руу шумбасан гэх яриа гарсан нь улам л олны анхаарлыг татжээ. Ингээд баригдашгүй мангасыг ангуучлах аян эхэлж, 1960-аад онд Британийн хэд хэдэн сургууль гидролокацийн экспедици ч байгуулсан гэдэг.
1975 онд гидролокацийг орчин үеийн, усан доорх зураг авалттай хослуулах болсон бөгөөд чухамхүү энэ үед л асар том хөвөгч амьтныг санагдуулам дүрс буусан анхны гэрэл зураг гарсан байна. Гэхдээ хожим нь, Лох-Нессийн мангас дүрслэгдсэн гэх бүхий л гэрэл зургууд хуурамч гэдэг нь тогтоогдож байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |