ОХУ Украин руу түрэмгийлснээс хойш АНУ болон барууны орнууд ээлж дараалан хориг тавьж, жил гаруйн хугацаа өнгөрсөн ч дайн үргэлжилсээр байгаа тул улс орнууд хориг арга хэмжээний жагсаалтаа өргөжүүлсээр байгаа юм.
Энэ удаад АНУ Оросын эсрэг хоригоо өргөжүүлсэн байна. Хориг арга хэмжээний шинэ жагсаалтад 11 хүн багтсаны дотор бүс нутгийн хүүхдийн асуудал эрхэлсэн түшмэд, Чечений тэргүүний ээж Аймани багтжээ. Мөн Крымд байрладаг "Артек" олон улсын хүүхдийн төв, түүний захирал Константин Федоренко хоригт орсон байна.
Шинэ хориг арга хэмжээний талаар пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зарласан бөгөөд Украины хүүхдүүдийг Орос руу хүчээр зөөсөн хэрэгтэй холбоотой хэн бүхнийг хоригт багтаана хэмээн мэдэгдэж байв.
"Эдгээр хүүхдүүдийг эцэг эхээс нь хулгайлж, гэр бүлээс нь салгасан. Энэ бол хүний үнэргүй үйлдэл" хэмээн Байден мэдэгдсэн юм.
Оросын талын мэдээллээр, дайн эхэлснээс хойш ОХУ Украины эзлэгдсэн нутгаас нийт 700 мянга гаруй хүүхдийг Оросын нутаг руу зөөжээ. Харин Украины талын мэдээллээр, 19546 хүүхдийг хүчээр Орос руу аваачсан байна. Одоогоор 386 хүүхдийг Украинд эргүүлэн авчирсан бол зарим хүүхэд зугтан гэр рүүгээ буцжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |