Наймдугаар сарын 23-ны үдэш Евгений Пригожин хувийн онгоцтойгоо сүйрсний дараа энэ ослын шалтгаантай холбоотой олон хувилбар яригдаж байсны нэг нь онгоцыг пуужингаар харваж сөнөөсөн гэх таамаглал юм.
Харин агаараас эсэргүүцэн хамгаалах системээр пуужин харваж Пригожиний онгоцыг сөнөөсөн гэх энэ хувилбар хиймэл дагуулын тагнуулын мэдээллээр батлагдаагүй гэнэ. Энэ таамаглалыг батлахуйц, пуужин хөөргөсөн тохиолдол хиймэл дагуулын ажиглалтад бүртгэгдээгүй гэж The New York Times сонин мэдээлжээ.
Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системээр онгоцыг сөнөөсөн гэх хувилбарыг онгоц сүйрснээс хэдхэн цагийн дараа барууны нэгэн албан тушаалтан Financial Times сонинд ярьсан бол маргааш өдөр нь АНУ-ын албан тушаалтнууд Ройтерсд мэдээлэл өгөхдөө мөн ийм хувилбарыг дэвшүүлж байлаа.
Гэхдээ хиймэл дагуулын мэдээллээр энэ хувилбар батлагдаагүйн дээр "Онгоцыг газар-агаар ангиллын пуужингаар сөнөөсөн гэдгийг батлах баримт одоогоор алга" гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч Патрик Райдер мэдэгджээ.
Харин Пригожиний хувьд "олон хүчин зүйл дээр тулгуурлан урьдчилан дүгнэхэд тэр алагдсан байх магадлалтай" гэж Райдер өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |