Наймдугаар сарын 23-ны үдэш Тверь мужид Вагнер хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожиний хувийн онгоц сүйрсэн юм. Онгоцны ослоор амиа алдсан Пригожиний ар гэрийнхэнд Чеченийн тэргүүн Рамзан Кадыров эмгэнэл илэрхийлжээ.
"Пригожин хатуу чанга зан чанартай, хүсэл эрмэлзэлтэй, бүхнийг яг одоо шийдэхийг хүсдэг байсан. Тэр цэргийн тусгай ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсан нь маргаангүй. Энэ гавьяаг хэн ч түүнээс булааж чадахгүй. Тэр амиа алдсан нь манай улсын хувьд маш том гарз" хэмээн Рамзан Кадыров Телеграм сувагтаа бичжээ.
Кадыров энэ мэдэгдэлдээ Пригожинийг "төрийн чухал хүн" гэж нэрлэсэн ч сүүлийн үед тэрээр "улс оронд болж буй үйл явдлын бүрэн зураглалыг олж хараагүй, эсвэл олж харахыг хүсээгүй, хувийн амбицыг төрийн нэн чухал үйл хэргээс дээгүүр тавьсан" хэмээжээ.
Г.Бямбасүрэн