Евгений Пригожиний хувийн онгоц лхагва гарагийн үдэш сүйрсэн талаарх мэдээллийг бид өмнө нь дамжуулсан.
ВИДЕО: Пригожин онгоцны ослоор амиа алджээ
Энэ онгоцны үйлчлэгч Кристина Распопова энэ осол болохоос өмнө ар гэрийнхэндээ онгоцонд хачирхалтай засвар хийсэн гэж ярьж байсан гэнэ. Энэ талаар "24 Канал" дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хөөрөхөөс хэдэн цагийн өмнө тэдний нислэг саатаж байгаа талаар Кристина ар гэрийнхэндээ ярьсан гэнэ. Ийнхүү нислэгийг саатуулах болсон шалтгааныг холбогдох хүмүүс хэлээгүй гэж тэр гэрийнхэнтэйгээ утсаар ярихдаа өгүүлж байжээ.
Пригожиний онгоцны осол
Наймдугаар сарын 23-ны үдэш Тверь мужид Embraer Legacy 600 хувийн осолдсон онгоцонд нийт 10 хүн зорчиж явсан бөгөөд ослоос нэг ч хүн амьд гараагүй юм.
Энэ хувийн онгоц Вагнер группийн эзэн Евгений Пригожинийх байсан гэж хэвлэлүүд дамжуулсан. Түүнчлэн Евгений Пригожин гэсэн овог, нэртэй хүн сүйрсэн онгоцны зорчигчдын нэрсийн жагсаалтад байсан гэж Оросын агаарын тээврийн газар мэдээлжээ. Тус газрын мэдээлснээр, энэ онгоцонд нийт долоон зорчигч, хөлгийн багийн гурван гишүүн явж байсан гэнэ.
Хэдийгээр онгоцны ослоор хувийн онгоцны зорчигч, хөлгийн багийн гишүүд бүгд амиа алдсан гэсэн мэдээлэл гарсан ч Евгений Пригожин амиа алдсан гэх албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Түүний үхлийн талаар хэд хэдэн хэвлэл, тэр дундаа Пригожинд ойр эх сурвалжууд дамжуулжээ.
Тухайлбал, Вагнер группийн удирдлагад ойр, Grey Zone телеграм суваг лхагва гарагийн үдэш "ОХУ-ын Баатар, жинхэнэ эх оронч Евгений Викторович Пригожин Оросын урвагчдын үйлдлийн улмаас амиа алдлаа. Тэр тамд чсон ч хамгийн шилдэг нь байна" хэмээн мэдээлсэн байна. Мөн Вагнерын удирдагчийн үхэлд Вагнерын хөлсний цэргүүдийн нэгдүгээр командлагч Дмитрий Уткинийг буруутгажээ.
Харин Царьград сонин энэ онгоцны ослоор, өөр эх сурвалж урвагчдын тоонд багтаасан Уткин ч амиа алдсан хэмээн мэдээлжээ. Мөн Запорожийн эзлэн түрэмгийлэгч захиргааны ерөнхий зөвлөлийн гишүүний алба хашдаг Владимир Рогов лхагва гарагийн үдэш Пригожин болон Уткин нар онгоцны ослоор амиа алдсан гэж нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн