Япон атомын цахилгаан станцын усыг тэнгис рүү асгаж эхэллээ
2023-08-24

Японы Ерөнхий сайд мэдэгдэл хийн, наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Фукушима атомын цахилгаан станцын усыг тэнгист асгаж эхлэхээр болсноо зарлаж байсан. Товлосон өдөр нь өнөөдөр тохиож, реакторуудыг хөргөхөд ашигласан усыг тэнгист асгаж эхэлжээ. 

 

Хэдийгээр хөрш орнууд нь ийм алхам хийхийг эсэргүүцэж байсан ч Японы эрх баригчид товлосон ёсоороо цэвэршүүлсэн усыг асгаж эхэлсэн байна. Энэ долоо хоногийн эхээр Японы Ерөнхий сайд Фумио Кишида энэ шийдвэрийн талаар мэдэгдсэний дараа Японы экологичид эсэргүүцэл илэрхийлж, осол гарсан Фукушима атомын цахилгаан станцын оператор компанийн төв байрыг бүслэж байв. Түүнчлэн Хятад, Хонконг, Өмнөд Солонгост ч эсэргүүцлийн жагсаал болж байсан юм. 

 

Түүнчлэн, Японы хэд хэдэн мужийн оршин суугчид хамтран есдүгээр сарын наймны өдөр засгийн газрынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон. Реактор хөргөхөд ашигласан усыг тэнгист хаяснаар далай тэнгисийг бохирдуулаад зогсохгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж тэд үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин