Лхагва гарагийн үдэш ОХУ-ын "Вагнер" хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожиний хувийн онгоц сүйрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
ВИДЕО: Пригожин онгоцны ослоор амиа алджээ
Хэдэн сарын өмнө зэвсэгт бослого гаргахыг завдсан Пригожинийг Путин замаасаа зайлуулсан гэсэн таамаглал яригдаж байгаа юм. Мөн ийм хувилбарыг Америкийн дайн судлалын хүрээлэн (ISW) дэвшүүлжээ.
Энэ хүрээлэнгийн бичсэнээр, Евгений Пригожиний онгоцыг хөнөөх тушаалыг Путин өгсөн байх магадлалтай гэнэ. "Оросын армийн төлөөлөгчид, тэр дундаа Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон армийн Ерөнхий штабын дарга Валерийг Герасимов нар Путиний тушаалгүйгээр Пригожинийг зайлуулах нь юу л бол" хэмээн Дайн судлалын хүрээлэнгийн судлаачид бичсэн байна. Түүнчлэн зургадугаар сарын 23-ны бослогын дараа гагцхүү Путиний өршөөлөөр л Пригожин амьд үлдэх магадлалтай гэдэгт Оросын элитүүд бүрэн итгэлтэй байсан гэж цохон тэмдэглэжээ.
Дайн судлалын хүрээлэнгээс гадна бусад улс төрийнх тоймчид ч Пригожинийг Путин хөнөөсөн гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм. Бослого гарснаас хойш яг хоёр сарын дараа Пригожиний онгоц сүйрсэн нь санаандгүй тохиолдол биш гэж ажиглагчид үзэж байна.
Пригожиний "бослого"
Зургадугаар сарын 24-25-ны өдрүүдэд Пригожин "шударга ёсны марш" эхлүүлж байгаагаа зарлан, Ростовыг хяналтдаа авсан юм. Тэрбээр Батлан хамгаалах яамны дээд удирдлагын тушаалаар вагнерчуудын хуаранд пуужингаар цохилт өгсөн хэмээн мэдэгдэж, Шойгу, Герасимов нараас хариуцлага нэхэж байв. Энэ бүхнийг Оросын эрх баригчид "цэргийн эргэлт хийхийг оролдсон", "эх орноосоо урвасан" явдал хэмээн үзэж байлаа. Нэг өдөр гаран үргэлжилсэн Вагнерын бослого Орост багагүй хохирол учруулсан юм.
Бослого гаргахаар бүтэлгүйтсний дараа тэрбээр Беларусийг зорьсон. Чухамдаа Орост болсон үймээний үеэр Лукашенко Пригожинтой ярилцан, хэлэлцээ хийсний дүнд вагнерчууд бослогоо зогсоосон гэсэн мэдээлэл гарч байсан юм. Үүний дараа вагнерчууд Беларусийг зорьж, харин ОХУ-д Пригожинтой холбоотой бүхий л бизнесийг шалгаж эхэлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |