Оросын "Вагнер" хувийн цэргийн компанийн тэргүүн Пригожиний зохион байгуулсан бослогын дараанаас л олны өмнө гараагүй генерал Сергей Суровикинийг Владимир Путин Агаар сансрын хүчний командлагчийн албан тушаалаас халсан гэж "Эхо Москвы" станцын ерөнхий редактор асан мэдээлжээ. Үүний араас Оросын бусад хэвлэлүүд болон дайн дэмжигч телеграм сувгуудаар ч ийм мэдээлэл гарсан байна. Гэхдээ түүнийг халагдсан гэх албан ёсны мэдээлэл гараагүй байгаа юм.
Мягмар гарагт, "Эхо Москвы" радиостанцын ерөнхий редактор асан Алексей Венедиктов Суровикинийг 2017 оноос хойш хашсан албан тушаалаас нь халсан, гэхдээ армиас халагдаагүй хэмээн Телеграм сувагтаа бичжээ.
Үүний араас, телевикийн хөтлөгч Ксения Собчак мөн л Суровикинийг наймдугаар сарын 18-ны өдөр гаргасан нууц тушаалаар албан тушаалаас нь халсан гэж бичсэн байна. Харин РБК агентлаг өөрийн эх сурвалжууд дээр тулгуурлан мэдээлэхдээ "Суровикинийг өөр ажилд томилох болсонтой холбоотойгоор албан тушаалаас нь халсан, одоо богино хугацааны амралттай байгаа" хэмээжээ.
Үүний зэрэгцээ, Оросын өдүүлсэн дайныг дэмждэг Z сувгууд ч Суровикин халагдсан талаар бичсэн байна. Тухайлбал, Оросын Ерөнхий штабтай ойр "Рыбарь" суваг мэдээлэхдээ "түүнийг халсан гэдгийг олон хүн мэдэж байгаа, энэ бол шинэ мэдээ биш" хэмээжээ.
Түүнчлэн Суровикинийг ажлаас нь халахаас өмнө "Лефортов" урьдчилан саатуулах төвд хорьж, байцаалт авч байсан, дараа нь "арай тухтай нөхцөлд" байлгах болж, тэрбээр эхнэртэйгээ утсаар ярих боломжтой байсан хэмээн "Рыбарь" суваг мэдээлжээ.
Энд дуулгахад, "Вагнер" хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Пригожин зэвсэгт бослого гаргах оролдлого хийсэн зургадугаар сарын 24-ний өдрөөс хойш Суровикин олны өмнө гараагүй юм. Тухайн үед Суровикин генерал вагнерчуудад хандан тэднийг байршил руугаа буцахыг уриалсан дүрс бичлэг цацаж байв.
Түүнийг сураггүй болсны дараа баривчлагдсан гэх мэдээллийг Оросын олон хэвлэл дамжуулж байлаа.Түүнчлэн The Wall Street Journal сонин Суровикиний хамтаар 13 ахлах офицер саатуулагдсан хэмээн бичиж байв.
Суровикинийг Вагнерын бослогын талаар мэдэж байсны зэрэгцээ энэ компанийн хүндэт гишүүн гэх мэдээлэл ч гарч байсан юм. Тухайлбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний генерал Сергей Суровикин 2017 оноос эхлэн "Вагнер" хувийн цэргийн компанийн хүндэт гишүүн байсан гэж "Досье" төв мэдээлж байлаа.
"Сергей Суровикин болон өөр 30 гаруй Оросын генерал, албан тушаалтан Вагнерын хүндэт гишүүн байсан" хэмээн мэдээлэлд өгүүлсэн байв. Мэдээлэлд өгүүлснээр, генерал Суровкин М-3744 дугаартай хувийн тэмдэгтэй гэнэ. Оросын өндөр албан тушаалын цэргийн алба хаагчид багтаж байгаа бусад хөлсний цэргүүдийн нэр ч тодорсон, тэдний талаар дараа нь мэдээлнэ гэж "Досье" мэдээлж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |