Италийн дуучин, дуу зохиогч, нэр алдар нь улс орноосоо ч хальсан Тото Кутунью 80 насандаа таалал төгсжээ. Энэ талаар түүний менежер Данило Манкузо АНСА агентлагт мэдээлсэн байна.
Манкузогийн өгүүлснээр, Тото Кутуньо сүүлийн саруудад улам нэмэгдсэн өвчинтэй удаа тэмцсэний эцэст Сан-Рафаэлийн эмнэлэгт таалал төгсжээ.
Тото Кутуньогийн жинхэнэ нэрийг Сальваторе Кутуньо гэдэг байв. Түүнийг багад флотод алба хааж, цэргийн найрал хөгжимд бүрээ тоглодог байсан аав нь хөгжимтэй анх танилцуулжээ. Тото анх бөмбөр, дараа нь даруулт хөгжим тоглож сурсан байна.
Тэрээр 13 настайгаасаа уралдаан тэмцээнд орох болж удалгүй хамтлаг байгуулжээ. 1965 онд Тото "Toto ei Tati" хамтлаг байгуулж, улмаар дуу бичлэгийн томоохон компани болох Carosello Records-той гэрээ байгуулсан аж.
Хамтлагтаа хөгжим тоглодог байсан тэрээр гоцлол дуучны гараагаа Albatros хамтлагтай Сан-Ремогийн наадмаас эхэлсэн бөгөөд Тото энэ наадамд нийтдээ 15 удаа оролцсон гэдэг.
1977 онд Тото Кутуньо Майк Бонжорногийн хамт бичсэн Donna Mia дуу гаргаснаар жинхэнэ амжилтад хүржээ. Тухайн үед Тото Кутуньо Жонни Холлидей, Далид зэрэг олон алдартанд зориулж дуу бичдэг байсны дээр түүний зохиосон Soil дууг Адриано Челентано дуулсан нь олон сарын турш хит парадад дээгүүрт бичигдэж байв.
Тэрээр Челентанод зориулж "Жинхэнэ итали эр" гэдэг дууг бичсэн ч Челентано энэ дуутай дуугүй хүмүүс өөрийг нь хэн гэдгийг мэдэж байгаа хэмээн хариу өгч, энэ дууг дуулахаас татгалзсан гэдэг. Ингээд Тото өөрөө энэ дуугаа Сан-Ремод дуулснаар хит болж, олон сая хувь борлуулагджээ.
Сүүлийн жилүүдэд тэрээр аялан тоглолт хийж, 2007 онд түрүү булчирхайн хорт хавдартай болсон ч бүтээл туурвих, тайзнаа гарахаа зогсоож байсангүй.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |