Хонконг Японоос далайн бүтээгдэхүүн импортлохгүй
2023-08-23

2011 онд осол болсон Фукушима атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөсөн усыг цэвэрлэж, нөөцлүүр саванд хадгалж байсан Япон улс нөөцлүүр дүүрсний улмаас цэвэршүүлсэн усыг тэнгист асгахаар болсон. Японы эрх баригчид энэ ажлыг наймдугаар сарын 24-нд эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийг дэлхийн олон орон эсэргүүцэж байгаа юм. 

 

Япон улс атомын цахилгаан станцын реакторыг хөргөсөн усыг далайд асгахаар шийдсэний дараа БНХАУ Японоос далайн бүтээгдэхүүн импортлохгүй байхаар шийдсэн. Мөн ийм шийдвэрийг БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох Хонконг гаргажээ. 

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, "Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг тэнгист асгахаар төлөвлөж байгаагийн хариу болгож Японоос далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсооно гэж Хонконгийн захиргааны тэргүүн Жон Ли мэдэгдсэн байна. 

 

Японы Ерөнхий сайд Фумио Кишида атомын цахилгаан станцын усыг асгах ажил наймдугаар сарын 24-нд эхэлнэ гэж мэдэгдсэн бөгөөд энэ өдрөөс эхлэн Хонконг Японы Токио, Фукушима, Тиба, Тотиги, Ибараки, гумма, Мияги, Ниигата, Нагано, Сайтама гэсэн бүс нутгаас далайн бүтээгдэхүүн импортлохыг хориглох юм аж.

 

Хонконгийн эрх баригчид атомын цахилгаан станцын усыг тэнгист асгах болсныг хариуцлагагүй, "хүнсний бүтээгдэхүүнд эрсдэл учруулах, далай тэнгисийг бохирдуулах" үйлдэл хэмээн нэрлэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин