Оросын хүчний байгууллагынхан армийн удирдлагыг сольж, дайны байдал зарлан, бүх нийтийн дайчилгаа явуулах саналыг Владимир Путинд тавьж байгаа гэнэ. Энэ талаар нөхцөл байдалтай ойр таван эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Блүмберг агентлаг мэдээлжээ.
Агентлагт мэдээлэл өгсөн хүмүүсийн өгүүлснээр, Украин дахь фронт дээр илүү түрэмгий үйлдэл хийж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг огцруулахыг Путинд санал болгож байгаа аж. Түүнчлэн тусгай албадын хэд хэдэн төлөөлөгч Ерөнхий штабын дарга Валерий Герасимовыг халах ёстой гэсэн байр суурь илэрхийлсний дээр "Вагнер" хувийн цэргийн компанийн тэргүүн Евгений Пригожиний тавьсан шаардлагыг дэмжиж байгаа гэнэ.
Блүмберг агентлагийн нийтлэлд онцолсноор, өнгөрсөн онд эзлэн түрэмгийлж авсан нутаг дэвсгэрийг Украины халдлагаас хамгаалан тогтоон барих шинэ хүч Оросын армид нэн шаардлагатай байгаа аж. Америкийн тагнуулын албаны мэдээллээс харахад, ОХУ дайны жилд 120 мянган хүнээ алдсан бол шархадсан болон амиа алдсан цэрэг нийлээд 300 мянгад хүрсэн байна.
Өнгөрсөн намар Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, энэ үеэр цэргийн албанд дайчлагдсан хүмүүс дутуу хүчийг нөхөхөд хангалтгүй байгаа аж. Энэ наймдугаар сард нөөц нь дууссан бөгөөд цэргийн командлал хоосон зайг бөглөхийн тулд хүчээ фронтын шугамын дагуу шилжүүлэн байршуулж байгаа нь үүнийг нотлож байна хэмээн Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчид бичиж байв.
Украины цэргүүд сөрөх давшилт хийж, ихээхэн газар нутгийг чөлөлөөн авч чадаагүй ч энэ сөрөх давшилт Оросын хүчийг сулруулсан гэж шинжээчид онцолж байсан юм.
Хэдийгээр хүн хүчин нь хомстож байгаа ч Оросын эрх баригчид шинээр дайчилгаа зарлахаас "эмээж" байна. Учир нь хэсэгчилсэн дайчилгаа зарласнаар Оросын нийгэмд дайныг дэмжих байдал суларч, Путиний нэр хүнд ихээр унасан юм. Тиймээс Кремль дайчилгаа зарлах хүндхэн шийдвэр гаргахаа хойшлуулсаар байна.
Дайчилгаа зарлахын оронд Оросын эрх баригчид сайн дурын цэргүүдэд гол найдлагаа тавьсаар ирсэн Энэ оны гуравдугаар сарын сүүлээр бүс нутгуудын эрх баригчид армид гэрээт болон сайн дурын цэргийг олноор элсүүлэх үүрэг авч, нийтдээ 400 мянган хүнээр армийн цусыг сэлбэх ёстой байв. Гэсэн ч дөрвөн сарын хугацаанд энэ төлөвлөгөө ердөө тал хувиар л биелжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |