Таиландын Ерөнхий сайд асан Таксин Чинават 15 жилийн дараа эх орондоо очжээ
2023-08-22

2006 онд болсон төрийн эргэлтийн дараа Таиландыг орхин гарсан, Ерөнхий сайд асан Таксин Чинават 15 жилийн дараа эх орондоо очжээ.

 

Түүний хувийн онгоц Донмыанг нисэх буудал дээр газардсан юм. 2008 онд тэрбээр мөн л энэ буудлаас хөөрч, сайн дураар эх орноо орхин явж байлаа. Олон жилийн дараа эх орондоо эргэн ирсэн Таксин Чинаватыг эхлээд цагдаагийн хэсэгт хүргэж, дараа нь Дээд шүүхийн хуралд оролцон, түүнд оноосон ялыг сонсох юм байна. Мөн түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах бөгөөд хорих шийд гарвал Чинаватыг Бангкокын Клонг Прем төв хорих газар руу илгээх аж.

 

Өдгөө 74 настай Чинават 2001-2006 оны хооронд Таиландын Ерөнхий сайдын албыг хашиж байв. Түүнийг Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий чуулганд оролцож байх үед Таиландын Хуурай замын хүчний удирдагч Сонтхи Буньяратглины удирдсан цэргийнхэн төрийн эргэлт хийж, Чинават хилийн чанадад үлдэхээс аргагүй болсон байна. 2008 онд тэрбээр Таиландад очиж, шүүхийн өмнө зогссон. Харин түүнийг баривчилсан ч удалгүй барьцаатайгаар сулласны дараа тэрбээр эх орноо орхин явжээ. 

 

Таиландын шүүх 2008 онд Чинаватыг газар худалдан авахдаа албан тушаалаа ашигласан хэргээр хоёр жилийн ялыг эчнээ оноосон юм. Түүнчлэн 2019 оны дөрөвдүгээр сараас хойш түүнд албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, авлига гээд олон хэргээр ял оноосон бөгөөд нийт ялын хугацаа нь 10 жил болж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манай Сайханбилэг мэтийн амьтад гадаадад насыг барна гэж бодож байгаа байх. Нэг л өдөр интерполоос хүн очиж баривчлаад ирнэ...Ум маани бад ми хум.
2023-08-22