Беларусь дахь АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ хандан энэ улсыг нэн даруй орхин гарахыг уриалжээ. Ийм мэдэгдлийг Элчин сайдын яамны цахим хуудсан дээр нийтэлсэн байна.
АНУ-ын иргэдийг Беларусийг нэн даруй орхин гарахыг уриалсан нь Литва улс саяхан Беларусьтай хиллэдэг хоёр боомтоо хаахаар шийдсэн, түүнчлэн Литва, Латви, Польш гэсэн орнууд Беларусьтай хиллэх хилээ бүрэн хаах асуудлыг хэлэлцэж байгаатай холбоотой аж.
Америкчуудыг Латви, Литватай залгаа хилийн боомтоор эсвэл онгоцоор явахыг зөвлөжээ. Түүнчлэн Беларусь руу явахаар төлөвлөж буй иргэдэд хандан асуудал үүссэн нөхцөлд АНУ-ын Засгийн газраас тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болно гэдгийг анхааруулсан байна.
Энд дуулгахад, Литва улс наймдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Беларусьтай хиллэдэг хоёр хилийн боомтоо хаасан юм. Энэ нь Беларусьд байрласан Вагнер хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүдийн зүгээс ирэх аюул занал нэмэгдсэнтэй холбоотой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |