Шинэ Зеландын эрх баригчид хилс хэргээр шоронд орж, 18 жил хоригдсон Алан Холлд их хэмжээний нөхөн төлбөр төлөхөөр болсон талаар The New Zealand Herald сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хилс хэргээр шоронд суусан эрд 2,9 сая долларын нөхөн төлбөр олгохоор болсон бөгөөд энэ төлбөр 18 жилийн эрх чөлөөг орлохгүй ч "амьдралаа төвхнүүлж, хүссэнээ хийхэд нь тусална" хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна.
Холл 1985 онд гарсан хэрэгт буруутгагджээ. Тухайн үед нэгэн эр Истоны гэр бүлийн байшин руу нууцаар орж, гэрийн эзнийг хөнөөж, өсвөр насны хөвгүүдийг гэмтээсэн байна. Алуурчин эр зэвсгээ болон ноосон малгайгаа хэргийн газарт үлдээсэн аж. Хэрэгтэн өндөр, маори ястан байсан гэж гэрчүүд дүрсэлжээ.
Тухайн үед 23 настай байсан Холл хоёр сарын дараа цагдаагийнхны анхаарлыг татсан байна. Тэрбээр аутизмын хам шинжтэй байсны дээр хэрэгтэн өмсөж байсантай ижил малгайтай байсан, түүнчлэн хэрэг гардаг өдөр тэр дүүрэгт зугаалж явсан нь тогтоогдсон аж.
Ингээд цагдаагийнхан түүнд дарамт үзүүлж, Холл гэмт хэргийг үйлдсэн гэсэн мэдүүлэг өгчээ. Гэсэн ч цагдаагийнханд нотлох баримт, түүнийг гэрчлэх гэрчүүд байсангүй.
Ингээд 1986 онд түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна. Харин үлгэр жишээ хүмүүжсэн гэж үзэн 1994 онд түүнийг шоронгоос суллажээ.
Түүний ээж нас барах хүртлээ Холлын ахтай хамт хүүгээ суллуулахыг хичээж байсан гэнэ. Харин өнгөрсөн онд жинхэнэ хэрэгтэн илэрч, Холлын ялыг хүчингүй болгосон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |