Японы захиалга андуурдаг зоогийн газар дэлхий даяар алдаршиж байна
2023-08-21

Японы нийслэл Токио хотноо нэгэн сонирхолтой туршилтыг хийжээ. Хэдэн жилийн өмнө энд нэгэн зоогийн газар нээгдсэн бөгөөд энэ газраар үйлчлүүлсэн хүмүүс захиалгаасаа огт өөр хоол авах нь ердийн үзэгдэл гэнэ. Гэхдээ захиалга андуурсны төлөө хэн ч үйлчилгээ муу гэж гомдол гаргаж, зөөгчийг халахыг шаарддаггүй аж. 

 

Үйлчлүүлэгчийн захиалгыг андуурч өгдөг энэ газарт тархины хэвийн үйл ажиллагаа их, бага хэмжээгээр алдагдсан хүмүүс зөөгчөөр ажилладаг гэнэ. 

 

Энэ санааг гаргасан Широ Огуни телевизийн хөтлөгчөөр ажиллаж байх үедээ ахмадын асрах газрын даргаас яриа авч байсан аж. Энэ ахмадын асрах газарт өвчтөнүүдийг бусдын адилаар амьдрах, тэр дундаа өөрөө дэлгүүр явж хэрэгцээт зүйлсээ худалдан авах, цэвэрлэгээ хийх, хоол бэлдэх зэрэг ажлыг дэмждэг гэж асрах газрын дарга ярьсан байна. Ийм ярилцлага хийх үеэр тэд цайны газар оройн хоол идэхээр болж, Огуни стейк захиалахад түүний захиалгын оронд шарсан банш авчирж өгчээ. 

"Би ихэд гайхаад, энд мах байгаа нь л миний захиалсан хоолтой адилхан юм гэж бодсон. Гэвч захиалга алдаатай байгааг хэлсэн цорын ганц хүн нь би болсон юм билээ, үүнийг мэдсэнийхээ дараа ихэд ичсэн" гэж Широ Огуни ярьжээ.

 

Ингээд хэдэн жилийн дараа Широ телевизэд ажиллахаа больж, хэдэн жилийн өмнөх түүхээ санагалзсан байна. Улмаар "Алдаатай захиалгын зоогийн газар" нээх санаа төржээ.

 

Зоогийн газрын уриа нь "Энэ зоогийн газарт та захиалсан хоолоо авах эсэхийг хэн ч мэдэхгүй". Энд зөнөх, Альцгеймерын өвчин, ухаан муудах өвчинтэй хүмүүс ажилладаг. Тэд юу хаана байгаа, юуг яаж хийхийг мартана, тиймээс үйлчлүүлэгчид тэдэнд захиалга авч, хоол авчрах ёстойг нөхөрсгөөр сануулдаг гэнэ. 

 

Эдгээр зөөгчид захиалсан хоолыг андууралгүй авчирах нь ч бий. Харин заримдаа коланы оронд кофе, шөлний оронд зууш авчирах нь энхүүхэнд. Гэхдээ л үйлчлүүлэгчид үүнд огт дургүйцдэггүй, уур амьсгал таатай байгаад олзуурхаж, улмаар энэ зоогийн газар ихээхэн алдаршжээ.

 

Харин эндэхийн тогооч нар нь залуус байдаг, тэд Мишлений одтой зоогийн газрууд ч атаархам амттай хоол хийдэг гэнэ.

 

"Манай зочдод зөвхөн зугаатай төдийгүй хоол амттай байх зоогийн газрыг байгуулахыг бид хүссэн" хэмээн Огуни Дейли Мэйл снинд ярьжээ.

 

Энэ зоогийн газар 2019 онд сурталчилгааны ертөнц дэх хамгийн нэр хүндтэй шагнал болох мөнгөн "Канны арслан" шагнал хүртэж байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манайд бол далим шаагаад завшина аа
2023-08-23
Xuurxun yum aa.
2023-08-22