2023 оны тавдугаар сарын сүүлээс л ойн түймэрт өртөж, ихээхэн хохирол амссан Канадад дахин түймэр дэгджээ. Энэ удаад Британийн Колумби мужид онц байдал тогтоосон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Онц байдал тогтоосон Британийн Колумби мужид ойн түймэр тархаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ мужийн түүхэн дэх хамгийн аймшигт түймрийн улирал тохиож байна хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна. Канадад энэ онд гарсан ойн түймрүүд өмнөх жилүүдэд тохиож байсан хамгийн өндөр үзүүлэлтийг ч давж байгаа юм.
"Сүүлийн 24 цаг нөхцөл байдал хурдацтай дордож байна, ойрын өдрүүд нэн хүнд болох нь ойлгомжтой" гэж мужийн захирагч Дэвид Эби мэдэгджээ.
Аврах албаныхан Макдугал-Крик бүс дэх уулын бэлд гал түймэртэй тэмцэж байгаа бөгөөд салхитайн улмаас гал хурдацтай тархаж байгаа гэнэ. Энд сүүлийн хоногт гэхэд л түймэрт автсан талбай хэд дахин нэмэгдэж, 6800 га-д хүрчээ.
Гал түймэр Келуон хотод ойртон ирсэн тул 36 мянган хүн амтай энэ хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.Нийтдээ гамшгийн бүсэд орших 11 хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн, гал түймэр Канарын арлуудын нийслэл Санта-Круст ойртон ирсэн гэж Ройтерс мэдээлжээ.
Түүнчлэн гал түймрийн улмаас Келуоны олон улсын нисэх буудлыг хаасан байна. "Ихэвчлэн 100 жилийн туршид л тохиодог тийм хэмжээний галтай нэг шөнийн дотор нүүр туллаа" гэж Баруун Келуоны Галын хамгааллын газрын дарга мэдэгджээ.
Ойн түймэр Канадын бусад нутгуудад ч асаж байгаа гэнэ. Тиймээс 22 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Мөн Йеллоунайф хот руу гал ойртож, хотыг хамгаалахын тулд гал сөнөөгчид хонон өнжин ажиллаж, суваг ухаж, гал унтраах шингэн цацаж, агаараас ус цацаж байгаа талаар ВВС мэдээлжээ.
Канадад одоогийн байдлаар 1000 ойн түймэр асаж байгаагийн 236 нь Баруун хойд нутаг дэвсгэрт асаж байгаа аж. Энд хоёр сая гаруй га газар шатжээ.
Харин Канад даяар шатсан газрын хэмжээ 14 сая га -д хүрсэн байна. Энэ нь жилд 2,2 сая га газар шатдаг 10 жилийн дундаж үзүүлэлтээс хэд дахин давж байгаа юм.
Түүнчлэн энэ улсын ажиглалтын түүхэнд түймэрт хамгийн их газраа алдсан үе нь 1989 он байсан бөгөөд тухайн үед 7,6 сая га газар шатаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |