Украинтай дайн хийж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд Оросын цэргийн алба хаагчид бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоо сүүлийн 10 жилд хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрчээ.
2012 онд ийм хэрэг 24 бүртгэгдэж байсан бол 2022 онд 4,5 дахин өсөж, 110-д хүрсэн гэж цэргийн шүүхийн тогтоолуудаас иш татан "Сибирь Реалии" мэдээлсэн байна.
Бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээр Приморын хязгаар болон эзлэгдсэн Крымийн хойг, Москва болон Ростов муж дээгүүрт орж байгаа гэнэ. Эдгээр бүс нутгуудад Украинтай байлдаж байсан 20 гаруй цэргийн анги байрладаг аж.
Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлага 2023 онд ч үргэлжилсэн байна. 2023 оны эхний найман сарын хугацаанд цэргийн шүүхэд бэлгийн гэмт хэргийн тухай 64 хэрэг шилжиж иржээ. Энд мөн л эзлэгдсэн Крым, Ростов мужууд толгой цохиж байгаа бол 35 дугаар мотобуудлагын бригад байршдаг Алтайн хязгаар ч энэ таагүй жагсаалтад дээгүүрт багтсан байна.
Цэргийн алба хаагчдын үйлдсэн хэрэгт бэлгийн хүчирхийлэл, бэлгийн шинжтэй хүч хэрэглсэн үйлдэл, бэлгийн ажилд албадсан, насанд хүрээгүйчүүдтэй бэлгийн харьцаанд орсон болон тэднийг садар самуунд уруу татсан хэргүүдийг багтаажээ. Гэхдээ эдгээр хэргүүдийг тоолохдоо Вагнер хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүдийн үйлдсэн хэргүүдийг багтаагаагүй аж. Учир нь тэд хуулийн дагуу албан ёсны цэргийн алба хаагчдад тооцогддоггүй гэнэ.
Оросын цэргийн алба хаагчдын үйлдсэн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн золиос болсон хүмүүсийн ихэнх нь 14-16 хүртэлх насны өсвөр насныхан байжээ. 2023 оны эхний хагаст энэ төрлийн нийт хэргийн 67 хувь нь насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн бол 2022 онд энэ үзүүлэлт 81 хувьтай байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 болон 2023 онуудад 17 тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тэдгээр нь бүгд насанд хүрээгүйчүүд буюу 16 нас хүрээгүй хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн хэрэг байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |