Хавайн арлуудад гал түймэр гарч, түймрийн улмаас эртний Лахайна хот ихээхэн сүйдсэн. Харин энд байрлах нэгэн сүм галд огт өртөөгүй талаар Catholic News Agency мэдээлжээ.
Хавайд байх Мария Ланакилийн католик сүм гал түймрийн үеэр хохирол амсаагүй гэж сүмийн санваартан Catholic News Agency сонинд өгүүлсэн байна. "Бидний хувьд энэ нь гайхамшиг болж байна" хэмээн тэрбээр ярьжээ. Хэдийгээр гал түймрийн үеэр сүмийн барилгын модон дээвэрт хохирол учирсан байж болзошгүй ч одоогоор тодорхой үнэлгээ хийгээгүй байгаа гэнэ. Энэ сүмийг 1846 оноос барьж эхлэн, 1873 онд барилгын ажил дууссан байна.
Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Хавайн арлууд дээр гал гарч, улмаар хүчтэй шуурга галыг тархаасны улмаас Мауи арлын баруун хэсэг бүрэн галд автсан юм. Галын улмаас Лахайна хот балгас болж, энэ хотыг сэргээхэд олон жил, хэдэн тэрбум доллар шаардлагатай болно гэж эрх баригчид мэдэгджээ. Энэ арал дээр гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо 100-г давсан юм.
Г.Бямбасүрэн