Алдарт хөлбөмбөгчин Лионель Месси зургадугаар сард Хятадын нийслэл Бээжин хотноо нөхөрсөг тоглолтод оролцсон. Месси ийнхүү Хятадад очих үеэр тоглосон цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгийг зарахаар болжээ.
SCMP сонины мэдээлснээр, Бээжингийн Хөдөлмөрчдийн цэнгэлдэх хүрээлэнг эзэмшдэг компани зургадугаар сард Лионель Месси тоглосон талбайн зүлэгний нэг хэсгийг зарахаар болжээ. Хэр хэмжээний зүлэг зарах нь одоогоор тодорхойгүй, гэхдээ чухамхүү Месси тоглосон хэсгээс зүлгийг авсан гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Мессигийн мөр үлдсэн гэгдэх нийт 100 зүлэг бүхий хэсгийг хожих сугалаа энэ сарын 11-15-ны хооронд болжээ. Зүлэгний үнэ нь 68 доллар бөгөөд сугалаанд оролцохоор 4000 гаруй хүн хүсэлт гаргасан байна. Нийтдээ 2023 хэсэг зүлгийг худалдахаар зэхсэн бөгөөд сугалаагаар 100-г тарааж, үлдсэнийг нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарах гэнэ.
Эргэн сануулахад, Аргентин, Австралийн нөхөрсөг тоглолт зургадугаар сарын 15-ны өдөр Бээжин хотноо болж байлаа. Энэ тоглолтод оролцохоор ирсэн Мессиг хятад шүтэн бишрэгчид угтан авч, хаа сайгүй даган, хөлбөмбөгчдийн байрласан буудалд олноор ирж, багийн бэлтгэлийг ч тасалдуулж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |