Хятад, Оросын хооронд оршдог, далайд гарчгүй, байгалийн нөөцөөр баялаг Монгол Улс газрын ховор эрдсийн салбарт АНУ-тай түншлэлээ зузаатгаж байна. Энэ нь чухал геополитикийн алхам бөгөөд энэ салбар дахь Хятадын монополчлолыг халж болзошгүй гэж шинжээчид онцолсон талаар The Epoch Times сонин мэдээлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын хоёрны өдөр Вашингтонд айлчилж, хоёр талт хэлэлцээрийн үеэр яригдсан гол сэдвүүдийн нэг нь зэс зэрэг газрын ховор элементийг хамтран олборлохтой холбоотой байлаа. Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа зургадугаар сард агрын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу газрын ховор эрдсийн хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрнэ гэж онцлоод АНУ-ыг "стратегийн чухал гуравдагч хөрш" хэмээн нэрлэснийг The Epoch Times сонин онцолжээ.
Бэлгэдэлт алхам
Газрын ховор элементүүд нийлүүлэх Хятадын нийлүүлэлтээс хэт хамааралтай байх байдлыг сулруулах боломжийг Монголын газрын ховор элементүүд АНУ, Европ, бусад барууны орнуудад өгч магадгүй гэж Хятадын тоймч Тан Жинъюань үзэж байна.
"Америк, Монголын хамтын ажиллагаа нь БНХАУ Америктай өрсөлдөх стратегийн өрсөлдөөнд илүү ноцтой дарамт үзүүлнэ" гэж тэрбээр The Epoch Times сонинд ярьжээ.
АНУ Хятадыг орлох, газрын ховор элемент нийлүүлэх улс орнуудыг эртнээс хайсаар байгаа. Энэ салбарт БНХАУ монопол байсан бөгөөд 2021 онд дэлхийн газрын ховор элементийн 59 хувийг энэ улс олборложээ. АНУ газрын ховор элементийн хэрэгцээнийхээ ихэнх хэсгийг Хятадаас импортолдог, гэхдээ 2014-2017 оны хооронд 80 хувьтай байсан энэ үзүүлэлт 2018-2021 онд 74 хувь болтлоо буурсан байна.
Монгол АНУ-тай түншилж байгаа нь энэ улсын стратеги геополитикийн дипломат руу чиглэснийг илтгэнэ гэж тоймч Тан онцолжээ.
Монгол Улс байгалийн нөөц ихтэй гэдэг нь барууны орнуудтай харилцахад олон боломж олгоно, "Хятад, Орос хоёр энэ хөрш орноо дутуу үнэлээгүй байсан бол Монгол Улс стратегийн орон зайн боломжийг илүүтэй хүртэх байсан" гэж тэрбээр онцолсон байна. Түүнчлэн, Монгол, АНУ-ын хоорондын харилцаа сайжирсан нь Монгол руу барууны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг өгнө, учир нь газрын ховор элементийг олборлох, боловсруулахад дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалт шаардлагатай гэж The Epoch Times сонин онцолжээ.
Энд дуулгахад, газрын ховор элементийг "аж үйлдвэрийн амин дэм" хэмээн нэрийддэг. Нийт 17 төрлийн элементийг газрын ховор элемент гэж нэрлэх бөгөөд эдгээр нь өндөр технологи, үндэсний батлан хамгаалах, цэргийн үйлдвэрлэлийн орлуулашгүй материал болохын дээр гар утас, пуужин, салхин турбин, цахилгаан машин, дрон, робот зэрэг орчин үеийн технологийн бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг аж.
Г.Бямбасүрэн