Каннын наадамд эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр оролцсон найруулагч хорих ял сонсжээ
2023-08-18

2022 оны Канны наадамд "Лейлийн ах дүүс" киногоо танилцуулж байсан Ираны найруулагч Саид Рустаи шүүхээс хорих ял сонсжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр киногоо гаргасан найруулагчийг "сөрөг хүчний суртал ухуулгыг дэмжсэн" хэмээн буруутган зургаан сарын хорих ялаар шийтгэсэн байна. Энэ киноны продюсер мөн л зургаан сарын хорих ял сонсжээ. Тэд хорих ялын хугацаанаас ес хоногийг биеэр эдлэж, үлдсэн хугацааг таван жилээр хойшлуулах юм байна. Ялыг давж заалдах боломжтой гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Америкийн алдарт найруулагч Мартин Скорсезе Ираны найруулагчийг хамгаалах цахим өргөх бичиг нийтлэсэн бол Канны кино наадмын зохион байгуулагчид найруулагчид өгсөн ял нь Ираны эрх баригчдын зүгээс үг хэлэх эрх чөлөөг ноцтой зөрчиж байгаа хэрэг хэмээн нэрлэсэн байна.

 

"Лейлийн ах дүүс" кино нь Тегераны нэгэн гэр бүлийн санхүүгийн хүндрэлийн тухай өгүүлэх бөгөөд өнгөрсөн онд Канны наадамд  нэр дэвшиж байлаа. Энэ кино гол шагналыг хүртээгүй ч Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны шагналыг хүртэж байв.

 

"Лейлийн ах дүүс" кино гарсан дарауйдаа Иранд үзүүлэхийг хориглосон, мөн эрх баригчдын шаардсанаар кинонд өөрчлөлт оруулахыг найруулагч зөвшөөрөөгүй аж. Найруулагч, өдгөө 34 настай Рустаи 2019 онд "Хараат" киногоороо олон улсад нэрд гарч байсан юм. Энэ кинонд Иран дахь хар тамхины асуудал, энэ асуудалтай тэмцэх цагдаагийнхны хэрцгий боловч үр дүнгийн арга хэмжээний талаар өгүүлдэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин