2025 оны зун гэхэд ОХУ Татарстан дахь "Алабуга" эдийн засгийн онцгой бүсийн нутаг дэвсгэр дээр "Шахед" шиг дроныг 6000 гаруйг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэж The Washington Post бичжээ.
Вашингтон пост сонин ОХУ-д Ираны дронуудыг угсрахтай холбоотой баримт бичгүүдийг олж авсан бөгөөд эдгээрт дроны үйлдвэрийн зураг төсөл, санамж бичиг, төлөвлөгөө, мэргэжилтний танилцуулга, тайлбар бичгүүд багтаж байгаа гэнэ. Эдгээр баримтыг "Алабуга"-д ажилладаг, гэхдээ "Путин Украин руу халдсаныг эсэргүүцдэг" хүн сонины редакцид өгсөн гэнэ.
"Энэ төслийг зогсоох эсвэл ядаж төслийг хэрэгжүүлэхэд ямар нэг саад болохын тулд миний хийж чадах цорын ганц зүйл бол баримт бичгүүдийг өгөх" гэж дроны үйлдвэртэй холбоотой баримт бичгийг сонины редакцид өгсөн хүн өгүүлжээ.
Эдгээр баримт бичгээс харахад, гадаадад үйлдвэрлэсэн эд ангийг хүлээн авахад саатал, зарим асуудал гарч байгаа ч Ираны "Шахед-136" дроны хувилбарыг үйлдвэрлэх зорилгодоо хүрэхэд ОХУ ихээхэн урагшилж байгаа нь харагдана гэж WP сонин онцолсон байна. Оросын үйлдвэрийн инженерүүд Иранд үйлдвэрлэсэн хуучирсан технологийг сайжруулж, дроныг боловсронгуй болгохоор оролдож байгаа гэнэ.
Баримт бичигт зааснаар, камиказе дроны үйлдвэрийг нутагшуулах Ирантай хийсэн хэлэлцээрийн өртөг 151 тэрбум рубль буюу өнөөдрийн ханшаар хоёр тэрбум гаруй доллар болж байгаа аж. Үйлдвэрлэлийн төслийг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний шатанд 2023 оны нэгдүгээр сарын хоёрноос зургадугаар сарын 30-ныг дуустал Иран улс 600 дроныг задлан нийлүүлж, эдгээрийг Алабугад угсрах гэнэ. Хоёр дахь шатанд Ираны нийлүүлсэн хөдөлгүүр, электроникт тохирох корпусыг үйлдвэрлэх хэсэг байгуулахаар төлөвлөжээ. 2023 оны сүүл хүртэл үргэлжлэх энэ шатанд 1332 дрон угсрахаар төлөвлөсөн байна. Цаашлаад, төслийн гурав дахь шатанд 2025 оны долдугаар сарын 30 гэхэд 4000 гаруй дрон үйлдвэрлэж, Оросын цэргийнхэнд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Энэ төсөлтэй холбоотойгоор сонины редакци төслийн баримт бичигтэй танилцсан шинжээчдээс тайлбар авахад, Алабуга дахь ажил төлөвлөсөн хуваариасаа хамгийн багадаа нэг сараар хоцорч байгааг онцолсон байна. Үйлдвэр 1,3 мянган дрон үйлдвэрлэхээр төлөвлөснөөс ердөө 300-г нь үйлдвэрлэжээ.
WP сонинд бичсэнээр, ОХУ камиказе дрон үйлдвэрлэхэд учирж буй гол хүндрэл нь эд анги хайх явдал байгаа гэнэ. Камиказе дронд шаардлагатай 130 эд ангиас ердөө дөрвийг нь л Орост үйлдвэрлэдэг, бусад нь хилийн чанадад, тэр дундаа АНУ-д үйлдвэрлэдэг аж. Түүнчлэн, эдгээр эд ангийн ихэнх нь Америкийн Худалдааны яамны зүгээс экспортын хяналтад орох шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалтад багтаагүй ч саяхан АНУ Оросын эсрэг тавьсан хоригт эдгээр эд анги багтжээ.
Үүний зэрэгцээ, Оросын үйлдвэрт хөдөлгүүр үйлдвэрлэх хүчин чадал байхгүй гэнэ. Ираны "Шахед" камиказе дронд тус улс 20 жилийн өмнө хуульб усаар олж авсан Германы хөдөлгүүрийн хуулбарыг ашигладаг аж. Энэ хөдөлгүүрийг хуулбарлахаар орос инженрүүд хичээж байгаагийн дээр Хятад эд ангийг илүү чанартай эд ангиар сольж, дронуудыг сайжруулжээ.
ОХУ камиказе дрон үйлдвэрлэхэд саад болж буй өөр нэг асуудал нь дрон боловсруулалтын гол салбаруудын шинжээчид хангалтгүй байгаатай холбоотой гэнэ. Тиймээс "Алабуга" -ын олон ажилтан шаардлагатай туршлага олж авахын тулд Ираны дроны үйлдвэр рүү явжээ. 2023 оны хаврын сүүл гэхэд үйлдвэрийн 200 ажилтан, 100 оюутан Ираны үйлдвэрүүд дээр сургалтад хамрагдсан байна. Түүнчлэн, дрон үйлдвэрлэх төсөлд дайчлагдсан ажилтнуудыг ажлаас гарахад үйлдвэрийн удирдлага саад болж, паспортыг нь хурааж, ажлаас халагдахаар бол удирдлагаас зөвшөөрөл авахыг шаардаж байгаа гэнэ.
Энд дуулгахад, Иран улс ОХУ руу Шахед дроныг өнгөрсөн онд нийлүүлж байсан. Шахед-136 дроныг камиказе дрон гэж нэрлэдэг. Учир нь энэ дрон нэг удаагийн зориулалттай буюу байндаа хүрч дэлбэрдэг "агаар-газар" ангиллын дрон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |