Афганистаныг хяналтдаа авсан "Талибан" хөдөлгөөн тус улсад улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг бүрэн хориглож байгаагаа зарлажээ. Энэ талаарх мэдээллийг Аль-Жазира телевиз дамжуулсан байна.
Талибуудаас бүрдсэн засгийн газрын Хуульзүйн сайд Абдул Хаким Шараи "Ард түмний өмнө хүлээх Засгийн газрын хариуцлага" нэртэй телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ Афганистанд намуудын улс төрийн үйл ажиллагааг бүрэн хориглосон хэмээн мэдэгдсэн байна. "Улс төрийн намын үйл ажиллагаа нь шариатын хуультай зөрчилдөнө, нам үндэстэн болон ард түмний ашиг сонирхолд нийцдэггүй" хэмээн тэрбээр мэдэгджээ.
Талибууд Афганистаны эрх мэдлийг гартаа авахаас өмнө энэ улсад улс төрийн 73 нам бүртгэлтэй байжээ. Талибууд төрийн эрхэнд гарсны дараа улс төрийн намуудын дарга нарын ихэнх нь Афганистаныг орхин гарч, өдгөө өөр улс орнуудад амьдарч байгаа аж.
Эргэн сануулахад, 2021 оны наймдугаар сард АНУ болон түүний холбоотнуудын цэрэг Афганистаныг орхин гарсны дараа "Талибан" хөдөлгөөн тус улсыг эзлэн авч, төрийн эрхийг гартаа авсан. Тэр үеэс хойш талибуудын засгийн газрыг нэг ч улс албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй, харин хөдөлгөөний удирдагчид НҮБ-ын хориг арга хэмжээний жагсаалтад багтаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |