Одоогоос 12 жилийн тэртээ Ливид иргэний дайн дэгдэж, улмаар босогчид тус улсын тэргүүн Муаммар Каддафиг олзлон авч, амь насыг нь хөнөөж байлаа. Ливийн иргэний дайн 2020 он хүртэл үргэлжилж, энэ улсад эмх замбараагүй байдал ноёлсоор байв.
2011 онд Муаммар Каддафиг хөнөөсөн нь зөвхөн Ливид төдийгүй Африк даяар улс төрийг тогтворгүй байдал үүсгэсэн ноцтой алдаа байсан гэнэ. Ийм байр суурийг Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни илэрхийлжээ.
"Каддафиг хөнөөсөн нь ноцтой алдаа байсан. Тэр ардчиллын төлөө тэмцэгч байгаагүй байж болох ч түүний үхлийн араас Ливи болон Африкт тогтворгүй байдал ноёлсон" хэмээн Антони мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд дамжуулжээ.
Эргэн сануулахад, Ливийн иргэний дайны сүүлчийн тулаан болох Сиртийн төлөөх тулаан өндөрлөсний дараа, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Муаммар Каддафиг босогчид хөнөөсөн юм. Каддафиг түлхэн унагаж, хөнөөсний дараа Ливи улс нэгдмэл улс байхаа больсон. Тэр үеэс хойш Ливид хоёр засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг нь Ливийн дорнод хэсэгт үйл ажиллагаа явуулдаг, парламентын бүрдүүлсэн засгийн газар, нөгөө нь Триполид төвтэй Абдель Хамид Дбейбийн удирдсан Үндэсний нэгдлийн засгийн газар аж. Хоёр засгийн газар харилцан нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй, Ливид улс төрийн тогтворгүй байдал үргэлжилсээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |