Дайчилгаанаас зугтсан Оросын 83 иргэнд Герман орогнол олгожээ
2023-08-17

ОХУ Украины эсрэг дайн өдүүлснээс хойш ХБНГУ ОХУ-ын цэргийн насны, 18-45 насны 83 иргэнд орогнол олгосон гэнэ. Энэ талаар Цагаачлал, дүрвэгчийн асуудал хариуцсан холбооны газар мэдээлснийг DW агентлаг дамжуулжээ. 

 

Цагаачлал, дүрвэгчийн асуудал хариуцсан холбооны газар дайчилгаанаас зугтсан, Оросын иргэдээс орогнол хүссэн нийт 3291 хүсэлт хүлээн авсан байна. Эдгээрээс 1418 өргөдлийг хэлэлцэж, 1873 өргөдлийг хянан хэлэлцүүгээ байгаа аж. Гурван мянга гаруй хүсэлт хүлээн авснаас, ердөө 83 эрэгтэйд Германд орогнол олгохыг зөвшөөрчээ.

 

Дайчилгаанаас зугтсан Оросын иргэдэд орогнол олгохыг зөвшөөрсөн тохиолдол тун бага байгааг Германы парламент дахь зүүнтний фракцийн нарийн бичгийн дарга ихээхэн шүүмжилсэн байна.

 

Түүний өгүүлснээр, Украины эсрэг дайтахгүй байх сэдлийг Оросын залуусын дунд төрүүлэх тал дээр Германы засгийн газар хангалттай арга хэмжээ авахгүй, цэргийн албанаас зугтсан, татгалзсан хүмүүсийг дэмжихгүй байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, ОХУ 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр Украины эсрэг дайн өдүүлж, энэ дайнд бие бүрэлдэхүүний хохирол ихээхэн амссаны улмаас 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байлаа. Энэ дайчилгаа цэргийн насны залуус гадаад орон руу ихээр дүрвэх шалтгаан болж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин