Хавайн арлууд дээр гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 110 болжээ
2023-08-17

Хавайн арлууд дээрх гал түймэр өнгөрсөн долоо хоногийн дунд үеэр эхэлсэн юм. Ган гачиг, хуурайшилтын улмаас үүссэн энэ гал тархахад Номхон далай дээгүүр өнгөрч буй Дора хар салхинаас үүдэлтэй хүчтэй салхи нөлөөлсөн талаар эх сурвалжууд мэдээлж байлаа. 

 

Хавайн арлуудад гарсан гал түймэр их хэмжээний хохирол учруулж олон хүн амиа алдсан юм. Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар амиа алдсан хүний тоо 92 гэж мэдээлж байсан бол энэ тоо нэмэгдэж, 110 хүн амиа алдсан нь тогтоогджээ. Энэ талаар Хавай мужийн захирагч Жош Гринээс авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Гамшиг тохиосон муж руу АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден наймдугаар сарын 21-ний өдөр очиж, нөхцөл байдалтай танилцахаар болжээ. Тэрбээр энэ үеэрээ аврах албаны ажилтнууд болон гал түймрийн үеэр амьд үлдсэн хүмүүстэй уулзах аж.

 

Наймдугаар сарын наймны өдөр Хавайн арлуудад гарч эхэлсэн ойн түймэр АНУ-д сүүлийн 100 жил тохиосон, хамгийн их хүний амь нас авч одсон түймэрт тооцогдож байгаа юм.

 

Энэ түймрийн улмаас 4,5 мянган хүн орох оронгүй болж, мужид учирсан хохирлын хэмжээ зургаан тэрбум доллар гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин