The Guardian: ОХУ тагнуул хийхдээ хууль бус цагаачдыг ашиглаж байна
2023-08-17

ОХУ-ын эрх баригчид Украин руу халдсанаасаа хойш тагнуул хийх эрсдэлтэй аргуудыг ашиглах болжээ. Энэ талаар Орост 10 гаруй жил ажилласан, The Guardian сонины Төв болон Зүүн Европ дахь сурвалжлагч Шон Уокер бичжээ. Түүний өгүүлснээр, Оросын эрх баригчид тагнуул хийх эрсдэлтэй арга сонгох болсон нь Европт дипломат халхавчин дор байсан олон тагнуул хөөгдсөнтэй холбоотой аж. 

 

Сүүлийн үед Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тохиолдол хэдэнтээ гарч байлаа. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард Словенид Аргентинаас ирсэн гэр бүлийн хоёр саатуулагдсан бөгөөд тэднийг Оросын тусгай албадад ажилласан хэрэгт сэжиглэн баривчилсан юм. Тэд Гадаад тагнуулын албаны офицерүүд байсан гэж  The Guardian мэдээлж байлаа. Мөн үүний дараа, энэ оны дөрөвдүгээр сард Гректийн тагнуулын үндэсний алба гэр бүлийн хоёр хүнийг баривчилсан талаараа мэдээлж байсан бөгөөд тэд мөн л Оросын талд тагнуул хийж байсан нь тогтоогдож байв. 

 

Үүний дараа, наймдугаар сарын 15-ны өдөр Их Британид Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн Болгарын гурван иргэнийг баривчилсан байна. Тэднийг хуурамч баримт бичиг үйлдсэн хэрэгт буруутгасан бөгөөд баривчлагдсан этгээдүүд Их Британи, Болгар, Франц, Итали, Испани, Хорват, Словени, Грек, Чехийн паспортыг хуурамчаар үйлдсэн байжээ.

 

The Guardian сонины сурвалжлагч  Шон Уокерын онцолсноор, Оросын тусгай албад ихэвчлэн хилийн чанад дахь ажилтнуудаа дипломат халхавчин дор байлгадаг, түүнчлэн Оросын тагнуулууд бизнесмен, жуулчин эсвэл сэтгүүлч гэж өөрсдийгөө танилцуулдаг аж. Гэвч 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн адйн нөхцөл байдлыг бүрэн өөрчилжээ. 

 

Америкийн Стратеги, олон улсын судалгааны төвийн мэдээлснээр, дайн эхэлснээс хойш гурван сарын дотор гэхэд л Оросын 450 гаруй дипломат хөөгдсөн бөгөөд тэдний ихэнх нь Европын орнуудаас хөөгдсөн аж. 

 

Дипломат халхавчин дор байсан тагнуулууд нь нутаг буцаж, тагнуул хийх боломж, хүрээ хумигдсаны улмаас Оросын эрх баригчид "унтаа үүр"-ээ идэвхжүүлж, албан бус төлөөлөгчдөдөө тагнуулын ажил даалгах болсон гэж Уокер онцолсон байна. Түүний үзэж байгаагаар, гуравдагч орнуудын иргэд эсвэл хууль бус цагаачид Оросын талд тагнуул хийх болсон аж. 

 

Сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд л Норвеги, Бразил, Нидерланд, Словени, Грек гэсэн орнуудад хууль бус долоон цагаач Оросын талд тагнуул хийсэн хэргээр сэжиглэгдсэн, тэдний зарим нь зугтаж амжсан бол нөгөө хэсэг нь баривчлагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-08-17