Даваа гарагийн өглөө Оросын хоёр бөмбөгдөгч онгоц агаарын орон зайд нэвтэрсний улмаас тэднийг амдуулахаар Британийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцуудыг хөөргөжээ. Энэ талаар Британийн Агаарын цэргийн хүчин мэдэгдсэнийг ВВС агентлаг мэдээлсэн байна.
Энэ хэрэг Шотланд болон Норвегийн хооронд байрлах Шетландын арлаас хойд зүгт болжээ. Оросын бөмбөгдөгч онгоцууд ажиглагдсаны дараа Шотландын дорнод эрэг дэх Мори тойргийн Лоссимут агаарын баазаас "Тайфун" сөнөөгч онгоцуудыг хөөргөж, сөнөөгч онгоцууд Оросын онгоцуудын нислэгийг агаараас ажигласан байна. Британийн Агаарын цэргийн хүчний мэдэгдсэнээр, олон улсын агаарын орон зайд Оросын Ту-142 бөмбөгдөгч онгоц нэвтэрчээ.
"Оросын алсын бөмбөгдөгч хоёр онгоцыг амдах, Шетландын арлуудаас хойд зүгт явж байхад нь тэдгээр онгоцыг ажиглах, Их Британийн нутаг дэвсгэрт гарч болзошүгүй аливаа аюулыг сөрөн зогсоход бэлэн байхаар өнөө өглөө (shuud.mn: даваа гарагийн өглөө) нисгэгчид "Тайфун" онгоцоороо хөөрсөн" хэмээн Их Британийн Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн сайд Жеймс Хиппи мэдэгджээ.
Британийн онгоцууд "Quick Reaction Alert" төлөвлөгөөний хүрээнд бэлэн байдалд орсон бөгөөд энэ төлөвлөгөөний дагуу Британийн Агаарын цэргийн хүчин Их Британийн агаарын орон зайд ойртсон гадаадын цэргийн онгоцуудыг ажиглаж, онгоцууд хэт ойртсон бол сөнөөгч онгоц хөөргөдөг журамтай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |