Өөрөө "ямар ч бодолгүй, ямар ч санаа агуулаагүй" гэж тайлбарладаг ч Зөвлөлтөд өөрчлөлтөд уриалж, сүүлд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудад гарах улс төрийн тэмцэл жагсаалуудын үеэр ч цуурайтах болсон "Өөрчлөлт" (shuud.mn: оросоор "Перемен") дууны эзэн, 1980-1990 оны үеийн өсвөр насныхан, залуусын шүтээн болж байсан Виктор Цой одоогоос 33 жилийн тэртээ автын ослоор амиа алдсан юм. Түүний үхэл шүтэн бишрэгчдийнх нь зүрхийг зүсэж, өсвөр насныхан олноор амиа хорлож байсан бол амьд үлдэгсэд нь "Цой амьд" гэсэн бичгийг хана туурганд нааж, бичиж байв.
Гуч гаруй жилийн дараа ч ОХУ, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд, Монгол зэрэг олон орон, түүнчлэн барууны зарим оронд ч Цой Виктор Робертовичийн дурсгалыг хүндэтгэн түүний дууг даган дуулж, нэгэн үдшийг өнгөрөөдөг уламжлал тогтжээ.
Цой
Түүний бүтэн нэрийг Виктор Робертович Цой гэнэ. Рок хөгжимчин, дууны зохиогч, яруу найрагч, зураач, жүжигчин гээд тал талын авьяастай энэ эрхэм орос, солонгос гаралтай. Түүний хамтлагийг "Кино" хэмээн нэрлэдэг байсан бөгөөд хамтлагийнхаа бүхий л дуу, дууны аяыг зохиодог байсан Цой Зөвлөлтийн хамгийн нөлөө бүхий, алдартай рок хөгжимчдийн нэг байлаа.
"Кино" хамтлагийн анхны цомог 1982 онд олны хүртээл болжээ. Энэ хамтлаг оршин тогтнох хугацаандаа найман цомог гаргасан аж. Дуулж, хуурдаж, шүлэг тэрлэхээс гадна Цой найман кинонд тоглосон юм.
Цой асар богино хугацаанд нэр, нөлөөтэй болж, харамсалтай нь нэн залуу насандаа буюу 28 настайдаа, 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр автын осолд орж амиа алдсан. Албан ёсны хувилбараар бол түүнийг жолооны ард зүүрмэглэсэн гэдэг. Харин шүтэн бишрэгчид нь үүнд одоо хэр итгэдэггүй, тиймдээ ч Цойг хөнөөсөн, амиа хорлосон гэх зэргээр түүний үхлийг олон янзаар л тайлбарладаг.
Цой таалал төгссөн талаар Зөвлөлтийн Нэгдүгээр сувгийн "Время" цаг үеийн мэдээний нэвтрүүлгээр зарласан юм. Энэ мэдээ дэлбэрэх бөмбөг мэт л шүтэн бишрэгчдэд нь тусав. Наймдугаар сарын 16-ны өдөр түүний цогцосыг Ленинградын цогцос хадгалах газарт хүргэж, наймдугаар сарын 19-ний өдөр Ленинградын Богословын оршуулгын газарт гашуудлын үг хэлэхгүй, аливаа ёслолгүйгээр оршуулахаар болов.
Оршуулах ёслолд Виктор Цойгийн эцэг эх, Цой хайрлаж явсан хоёр эмэгтэй, түүний таван настай хүү Александр болон хамтлагийнхан, найз нөхөд, танилууд нь оролцжээ. Ослын улмаас Цойгийн цогцос танигдахын аргагүй болсон байсан тул нүүрийг нь хар даавуугаар бүтээж, битүү авсанд оршуулсан аж. Оршуулсны дараа түүний булш руу хүссэн хүн бүрийг нэвтрүүлэхээр болов.
Тухайн үед, Цойтой салах ёс хийхээр Ленинградын бүх л залуус ирсэн мэт тэр хавийг бүхэлд нь залуус бүрхэж байсан гэдэг. Хайртай дуучинтайгаа салах ёс хийхээр ирсэн залуус тэр уй гашууг биеэрээ мэдэрч байгаа мэт, залуус тамхи татаж, нулимсаа нуухыг оролдон, харин охид цэцэг булшин дээр хэвтэн эхэр татан уйлж байсан гэдэг. Оршуулгын дараа залуус оршуулгын газраас Невскийн өргөн чөлөө хүртэл "Цой амьд" гэж хашгиран, жагсаалаар явжээ.
Гэхдээ тэд оршуулгын газрыг нэг мөр орхиод явчихсангүй.
Оршуулах ёслол болсны дараа Цойгийн шүтэн бишрэгчид булшны ойролцоо майхан барин амьдарч, тэндээс явахгүй байсан нь оршуулгын газрын захиргаанд ихээхэн хүндрэл учруулсан гэдэг. Тэдний дунд Улсын аюулгүй байдлын хорооны дэд хурандаагийн охин байсан бөгөөд аавыгаа ятган, аав нь танил талаа ашигласнаар хотын зөвлөл оршуулгын газрын захиргаанд хандан, шүтэн бишрэгчид хайртай дуучинтайгаа хүссэнээрээ салах ёс хийх боломж олгохыг хүсчээ. Ингээд Цойгийн шүтэн бишрэгчид түүний булшны орчимд майхант хуаран барьж, тэндээ жил гаруй амьдарсан гэдэг.
Түүний тухай баримтууд
Цойгийн шүтэн бишрэгчид түүний намтрыг цээжээр л мэднэ. Гэхдээ зарим хүний мэдэхгүй байж магад цөөн баримтыг хүргэж байна.
1. Виктор Цойгийн буурал өвөө (өвөөгийн аав) Цой Ён Нам 1893 онд өнөөгийн Хойд Солонгосын нутаг дахь загасчдын тосгонд төржээ. Харин 14 насандаа Оросын Владивостокт суурьшсан аж.
2. Цойгийн өвөө Цой Сын Дюн Дотоод хэргийн ардын комиссарын газрын сөрөх тагнуулын хэлтэст 15 жил алба хааж, хожим нь Дотоод хэргийн яаманд ажиллах болсон бөгөөд цагдаагийн хошууч цолтойгоор тэтгэвэрт гарсан гэнэ.
3. Цойгийн ээж, биеийн тамирын багш Валентина Гусева хүүдээ Дмитрий гэдэг нэр өгөхийг хүсэж байсан ч аав нь "ялагч" гэсэн утга агуулдаг Виктор гэдэг нэрийг сонгосон аж.
4. Виктор Цой сургуульдаа дунд сурдаг, онц авдаг цорын ганц хичээл нь зургийн хичээл байжээ. Ингээд Цой Серовын нэрэмжит уран зургийн дунд сургуульд элсэн орсон ч тааруу сурсны улмаас хасагдсан аж. Гэхдээ тэр гэртээ зурсаар л байв. Эдгээр зургийн ихэнх нь абстракц, натюрморт байсан бөгөөд энэ зургууд одоо Викторын эцэг, инженер Роберт Цойгийн гэрт хадгалагддаг гэнэ.
5. Уран зургийн сургуулиас хасагдсаныхаа дараа тэрбээр Санкт-Петербургийн 61 дүгээр политехникийн сургуулийг сийлбэрчин мэргэжлээр төгсөж, найзууддаа бэлэг дурсгалын зүйлс сийлж өгдөг байжээ. Чухамхүү сийлбэрчин гэдгээрээ тэрбээр анх цэнхэр дэлгэцээр гарч байв.
6. Виктор Цой Брюс Лиг шүтэн биширдэг байв. Тэрээр үеэл ах, дорны тулааны спортын мастер Вячеслав Цойгийн ачаар таэквондог сурч, нунчакийг муугүй эзэмшдэг болжээ. Гэхдээ "зураг зодоон хоёрыг холоос харсан нь дээр" гэсэн дүрмийг тэрээр маш сайн хэрэгжүүлдэг байв.
7. Тэр хэдийнэ нэр алдартай болсон ч сүрхий хөлжсөнгүй. Тиймдээ ч нэгэн цэцэрлэгт хүрээлэнд байх нууран дахь завины станцын аврагчаар ажиллаж, дараа нь нийтийн халуун усны газарт шөнийн цагаар цэвэрлэгч хийдэг байжээ.
8. "Найз бүсгүй чинь өвдсөн үед" буюу "Когда твоя девушка больна" дууг Марина Смирновагаас санаа аван бичжээ. Марина тэр үед Кино хамтлагийн гитарчин Юрий Каспарянтай болздог байсан бөгөөд байнга л өвддөг, Юрий түүнд эм аван гүйж очдог байсан гэнэ.
9. Виктор Цой багаасаа л загасчлах дуртай байв. Амиа алдсан тэр өдрөө ч загасчлахаар явж байжээ.
Цойгийн таалал төгссөн өдөр, түүний дурсгалыг хүндэтгэн "Намайг гудамжинд бороо харин тэднийг гэрт нь хоол хүлээж байгаа, араас хаалга хаачхаарай, би явлаа" гэх үгстэй "Араас хаалга хаачхаарай, би явлаа" дууг сонордуулж байна.
Г.Бямбасүрэн