Өнгөрсөн онд Иранд залуу бүсгүй хижаб буруу өмссөнөөс үүдэн цагдаагийнханд саатуулагдаж, цагдаагийн хэсэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан нь тус улсыг бүхэлд нь бүрхсэн эсэргүүцэл, үймээн самуун дэгдэх эхлэл болж байлаа. Тусгай өмсгөлөөс үүдэлтэй энэ үймээний дараа Ираны эрх баригчид бодлогоо өөрчлөхөөр болжээ.
Тодруулбал, 18 хүртэлх насны охид хижаб өмсөөгүй бол тэднийг саатуулахгүй, цагдаагийн хэлтэст хүргэхгүй байх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Межлисийн дарга Мохаммад Багер Галибаф мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Одоогоор Иранд толгойндоо алчуур зүүх журмыг зөрчсөн эмэгтэйчүүдэд торгууль ногдуулж, 10 хоногоос хоёр хүртэлх сарын хугацаатайгаар хорьж саатуулах хууль үйлчилдэг. Харин хижабаас татгалзахыг уриалдаг, сурталчилдаг хүмүүс 1-10 хүртэлх жил шоронд хоригдож болзошгүй байдаг аж.
Энэ оны дөрөвдүгээр сард Иранд хижаб өмсөөгүй эмэгтэйчүүдийг илрүүлэхийн тулд олон нийтийн газар ажиглалтын камер суурилуулж эхэлсэн байна. Өмнө нь хижаб өмсөх асуудлыг ёс суртахууны цагдаа хариуцдаг байсан ч өнгөрсөн онд залуу бүсгүй хижаб буруу өмссөнөөсөө болоод цагдаагийнханд саатуулагдсаныхаа дараа амиа алдсанаа үүдэлтэй Иран даяарх эсэргүүцлийн давлагааны дараа ёс суртахууны цагдааг татан буулгасан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |