ОХУ-ын Су-30 сөнөөгч онгоц Калининград мужид сүйрчээ. Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сөнөөгч онгоц сүйрсний улмаас экипаж нь амиа алдсан байна. Урьдчилсан мэдээллээр, техникийн гэмтлийн улмаас онгоц сүйрчээ. Онгоц бэлтгэл нислэгийн үеэр, хүнгүй газар сүйрсэн аж. Онгоц унахаас өмнө агаарт дэлбэрэх чимээ сонсогдсон гэж гэрчүүд өгүүлжээ.
Су-30 нь хоёр суудалтай сөнөөгч, Оросын тал Украин руу халдахдаа ихээхэн ашиглаж байгаа юм. ОХУ түрэмгийлэл эхлүүлснээсээ хойш нийт 11 Су-30 онгоцоо алдсан байна. 2023 оны эхээр Оросын арми энэ төрлийн 118 онгоцтой байжээ. Су-30 сөнөөгч онгоц нь агаарын бай устгах, агаарын орон зайд хяналт тавих, сөргөлдөгчийн агаарын буудлыг хаах, агаарын тагнуул явуулах зэрэгт зориулагдсан байдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |