Radio Free Asia агентлагийн нийтлэлч Субел Бай Рандари Монгол Улсад ажиллан, нүүрсний салбарын ажил амьдралтай танилцжээ. Тэрбээр энэ талаараа RFA агентлагт "Алх, дөшний хооронд: Монгол Улс цаг уурт хохирол учруулан нүүрс ашиглаж байна" нэртэй нийтлэл бичсэнийг товчлон хүргэж байна.
Бархас Буяндаваа өөр газар ажиллах хүсэлтэй. Цээж нүцгэн, хар тоосонд дарагдсан тэрбээр говь талын зам дээр ачааны машиныхаа дугуйг засах гэж хичээнэ.
"Нүүрс муу гэж би мэднэ л дээ, гэхдээ надад сонголт байхгүй. Энэ бол сайхан амьдрах хэмжээний мөнгө олох цорын ганц арга" хэмээн уул уурхайн компанид гэрээгээр коксжих нүүрс зөөдөг ачааны тэрэгний жолооч ярих аж.
Тэрбээр өөр газар ажилласан бол одоо олдог мөнгөнөөсөө гурваас дөрөв дахин багыг олох гэнэ.
"Гадаад руу гарахын тулд багахан мөнгө хураахын тулд л энд ажиллаж байна. Мөнгө олонгуутаа халагдана. Европ руу л явах байх" хэмээн 32 настай эр ярих аж.
1990 оноос эхлэн Монгол Улс Зөвлөлт маягийн коммунист орноос амьд ардчилалтай улс болж, нэг хүн амд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмэгдүүлж, ядуурлыг тал хувиар бууруулсан бөгөөд энэ нь хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрдэс баялгийнхаа ачаар ийм амжилтад хүрсэн юм.
Хүрээлэн буй орчныг ихээхэн бохирдуулдаг, дэлхийн нүүрстөрөгчийн хаягдлын томоохон эх үүсвэр болсон нүүрсийг дэлхий дахин ашиглахаа эрс багасгаж байгаа энэ үед Монгол Улс нүүрс үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. 2021 онд Монгол Улс 32,3 сая метр тонн нүүрс олборложээ. Харин өнгөрсөн онд нүүрс олборлолт 22 хувиар нэмэгдэж, коронавирусийн цар тахлаас өмнөх үед хүрсэн гэж Дэлхийн банк дөрөвдүгээр сард мэдэгдэж байв.
Ember судалгааны байгууллагын мэдээлснээр, далайд гарцгүй Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 90 гаруй хувийг нүүрс хангаж байгаа нь дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм. Мөн энэ улсын нийт экспортын 30 хувийг нүүрс эзлэж байна.
"Аль болох их нүүрс экспортлохын тулд энэ боломжийг ашиглах ёстой" гэж өнгөрсөн онд, тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдэгдэж байв. Түүнчлэн ойрын 5-10 жилд ч энэ улсад нүүрс хэрэгтэй гэж Байгаль орчны сайд нь ч мэдэгдэж байлаа.
"Украин, Оросын дайны улмаас байгалийн хийн үнэ нэмэгдсэн, Герман зэрэг орнууд ч эргээд нүүрс ашиглах болсныг та бүхэн мэдэж байгаа" хэмээн Б.Бат-Эрдэнэ RFA-д ярьсан юм.
"Mine-Golia"
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн салбарт дэлхийд тэргүүлэгч хэдий ч дэлхийн бүхий л улс орнуудын нийт хэрэглээнээс ч давсан их нүүрс ашигладаг Хятадтай хиллэх Монгол Улсын хил 4700 км. 2022 онд БНХАУ 4,5 тэрбум метр тонн нүүрс ашигласан бол 2023 онд түүнээс ч ихийг шатаахаар зэхэж байна.
Гаалийн газрын мэдээллээр, 2022 онд Монголын нүүрсний экспорт 135 хувиар өсч, 6,5 тэрбум долларт хүрсэн бөгөөд үүний 94 хувь нь Хятадыг чиглэжээ.
Хятадын дарга Ши Жинпинь долдугаар сард мэдэгдэл хийхдээ, БНХАУ нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулж, гадаад хүчин зүйлсээс үл хамааран энэ ажлыг үргэлжлүүлнэ, 2023 онд хаягдлын хэмжээ оргилдоо хүрч, цаашлаад 2060 он гэхэд тэг хүртэл нь бууруулна хэмээн мэдэгдэж байлаа.
Харин "Mine Golia" нэртэй болсон Монгол Улс өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад бэлэн байна. Энэ улс 33,27 тэрбум метр тонн нүүрсний батлагдсан нөөцтэй. Монголын нутаг дэвсгэрийн таван хувь орчимд ашигт малтмал олборлох 2700 тусгай зөвшөөрөл үйлчилж байна. Энэ улс томоохон нүүрсний эрчим хүчний төсөл боловсруулсаар байгаа дэлхийн цөөн орнуудын нэг юм.
Монгол Улс экспортоо нэмэгдүүлэхийн тулд Монгол-Хятадын хилийн шалган нэвтрүүлэх боомтыг 24 цагаар ажилладаг болгохоор төлөвлөж байна. Саяхан Таван толгой орд газраас Хятадын Өвөр Монгол дахь Гашуун Сухайт боомт хүртэл 233 км үргэлжлэх төмөр зам нээгдсэн юм.
<...> Ашигт малтмалын олборлолт нь Монгол дахь бохирдол, ус, хөрс, агаарын бохирдлын гол шалтгаануудын нэг, мөн мал аж ахуйд нөлөөлдөг гэж шинжээчид үздэг. Дөрөвдүгээр сард гарсан, хоёр уул уурхайн компанийн судалгаанаас харахад уурхай болон ойролцоох аж үйлдвэрийн бүс орчимд хөрс хурдацтай элэгдэж байгаа нь тогтоогджээ.
Гэрээгээр ажилладаг жолооч Бархас том тэрэгний дугуйнд идэгдсэн говийн шороон замаар давхина, нэг удаад 100 хүртэлх тонн нүүрс тээвэрлэнэ. Тэр олон хоног явдаг, хүнд ачаа, замын нөхцөл байдлаас болоод 60 км/цагийн хурдтай л зорчих боломжтой.
"Энэ бол үнэхээр хүнд амьдрал. Машин говь дунд эвдэрчихвэл бүр л хэцүү. Нүүрсний экспорт зогсвол олон мянган хүн амьдрах аргагүй болно. Хотод ажил олдохгүй, ялангуяа энд олж байгаа шиг хэмжээний мөнгө олох ажил байхгүй" хэмээн тэрбээр ярилаа.
Нүүрс тээвэрлэдэг өөр нэг жолоочийн өгүүлснээр, сонголт байсан бол байгаль орчинд бага хохирол учруулах ажлыг сонгох байсан хэмээлээ.
"Одоо ихэнх залуу хүмүүсийн хувьд хоёрхон сонголт бий. Эсвэл нүүрс зөөх, эсвэл Өмнөд Солонгос руу явж хар ажил хийх. Экологи сүйдэж байгаад бид санаа зовних нь мэдээж. Гэхдээ одоо үүнийг бодох ч сөхөө алга" хэмээн жолооч ярьсан юм.
Г.Бямбасүрэн