Хавайн арлууд дээр гарсан түймэр ихээхэн хор хохирлыг дагуулжээ. Хавай мужийн эрх баригчдын мэдээлснээр, наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар жуулчид ихээр очдог Мауи арал дээр амиа алдсан хүний тоо 93-д хүрсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, сураггүйд тооцогдож байгаа хүний тоо хэдэн зууд хүрсэн, тиймээс амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гал сөнөөгчид хэд хэдэн бүс, тэр дундаа эртний Лахайна хотод галыг унтраахаар ажиллаж байгаа гэнэ. Лахайна хот нь XIX зуунд, АНУ-д нэгдэхээс өмнө энэ арлууд дээр оршин тогтнож байсан Хавайн вант улсын нийслэл байжээ. Энэ хот жилд л хоёр сая орчим жуулчин татдаг аж.
Хавайн арлууд дээрх гал түймэр өнгөрсөн долоо хоногийн дунд үеэр эхэлсэн байна. Ган гачиг, хуурайшилтын улмаас үүссэн энэ гал тархахад Номхон далай дээгүүр өнгөрч буй Дора хар салхинаас үүдэлтэй хүчтэй салхи нөлөөлжээ. Мауи арал дээр галд сүйрсэн хотуудыг сэргээн босгоход олон жилийн хугацаа шаардагдана гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Лахайна хотод гэхэд л мянга гаруй барилга галд сүйдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |