2022 оны хоёрдугаар сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассыг чөлөөлөх, хамгаалах "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаал гаргаснаар Оросын арми Украин руу халдсан. Дайн эхэлснээс хойш дөрөв хоногийн дараа сөргөлдөгч талуудын анхны хэлэлцээ болж, цаашлаад 2022 оны гуравдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Одоо талууд хэлэлцээний талаар ам нээлгүй, харин харилцан давшилтад бэлтгэж, барууны орнууд Украинд зэвсгийн болон санхүүгийн тусламж үзүүлж, Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэсээр байгаа. Мөн энэ дайн мөд дуусахгүй гэж тооцоолон, ирэх онд давшилт хийхэд Украиныг бэлтгэж эхэлжээ.
Америкийн The Wall Street Journal сонины бичсэнээр, Украины сөрөх давшилт үргэлжилж байгаа ч ирэх оны хавар Украины Зэвсэгт хүчин давшилт хийхэд бэлтгэх талаар Барууны цэргийнхэн болон улс төрчид хэлэлцэж эхэлсэн гэнэ. Эзлэгдсэн нутаг дэвсгэрийг чөлөөлөх Украины тэмцэл ихээхэн цаг хугацаа шаардана гэдгийг Украины түншүүд хүлээн зөвшөөрч байгаа гэж сонинд онцолжээ.
Энэ хавар Украины сөрөх давшилт эхлэхэд Украины цэргүүд өнгөрсөн оны амжилтаа давтаж, Оросын цэргүүдийг шахаж гаргана гэж олон хүн найдаж байлаа. Гэсэн ч Оросын бэхлэлтийг сэтлэхийн тулд барууны танк болон хуягт машинуудыг ашиглах анхны оролдлого талаар болсон юм.
Түүнээс хойш Украины цэргүүд хэсэгчлэн давших тактикт шилжиж, давшилт удаан ч гэсэн урагшилж байгаа аж. Шинээр, өргөн цар хүрээтэйгээр давших боломж байгаа ч барууны цэргийнхэн болон улс төрчид урт хугацааны сөргөлдөөнд бэлтгэж эхэлсэн гэж WSJ онцолжээ.
Литвад болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украиныг дэмжсэн хэвээр байна гэдгээ мэдэгдсэн бол АНУ, НАТО, Япон усл Украины аюулгүй байдлын урт хугацааны төлөвлөгөөг боловсруулж, зэр зэвсэг, пуужин зэрэг зэвсгүүдийг нийлүүлсэн хэвюээр байгаа юм. Гэсэн ч өнгөрсөн онд гаргасан Украины амжилт давтагдана гэдэг хүнд гэж Америкийн Зэвсэгт хүчний штабын тэргүүн Марк Милли болон бусад цэргийн удирдлагууд үзэж байгаа аж.
"Украин улс бүхий л нутаг дэвсгэрээ ойрын үед эргүүлэн авч чадахгүй гэдгээ тус улсын эрх баригчид ойлгож байгаа гэж би бодож байна" хэмээн НАТО дахь АНУ-ын төлөөлөгч асан Иво Даалдер мэдэгджээ.
Украины Зэвсэгт хүчний сэтлэлт Оросын хүчийг сулруулж, улмаар энэ өвөл гэхэд л Владимир Путинийг хэлэлцээрийн ширээний ард суухад хүргэнэ гэж барууны орнууд найдаж байв. Харин одоо ийм магадлал тун бага гэж дипломатууд үзэж байна. ОХУ хэлэлцээр хийхийн оронд цэргийн тоогоо нэмэгдүүлж, зэр зэвсгийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн Украин дахь хамгаалалтын шугамаа бэхжүүлж байгаа аж. Барууны орнууд ч цэргийн үйлдвэрлэлээ бэхжүүлж байгаа бөгөөд ингэснээр дайн улам сунжрах магадлал улам бүр нэмэгдэж байна.
"Энэ дайн Солонгосын дайнтай адилхан болж магадгүй юм. Эхний саруудад фронт дээр хурдацтай ажиллагаа явж, дараа нь харьцангуй тогтвортой болох зэргээр Солонгосын дайнтай ихээхэн ижил. Гэхдээ хоёр тал үүнийг хэдэн жилийн дараа л ойлгоно" гэж Пентагонтой холбоотой, Тэнгисийн цэргийн судалгааны төвийн Оросын асуудал хариуцсан шинжээч Дмитрий Горенбург таамаглаж байна.
Солонгосын дайн 1950 онд эхэлсэн бөгөөд өнөө хэр нь албан ёсоор энэ дайн дуусаагүй юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |