Монгол Улс болон Америкийн SpaseX компанийн хооронд байгуулсан хэлэлцээр Хятадын аюулгүй албаныхны дунд ихээхэн түгшүүр төрүүлсэн талаар Overclockers бичжээ.
Энэ нийтлэлд өгүүлснээр, Старлинкийн хиймэл дагуулуудыг Хятадын хилийн ойролцоо байршуулснаар сөргөлдөөн гарсан нөхцөлд АНУ-ын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж, ноцтой аюул заналхийлж болзошгүй гэж Хятадын цэргийн тоймчид анхааруулж байгаа гэнэ.
Монгол Улс долдугаар сарын зургааны өдөр SpaceX компанид хиймэл дагуулын тусламжтайгаар холбоо харилцааны үйлчилгээ үзүүлэх операторын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, Старлинк Монголын нутаг дэвсгэр дээр интернет үйлчилгээ үзүүлэх эрхтэй болсон юм. Харин үүнд Хятадын зарим цэргийн шинжээчид болгоомжлонгуй хандаж байгаа гэнэ.
"Монгол бол манай хөрш. Хиймэл дагуул зөвхөн нэг бүсэд үйлчилгээ үзүүлээд хөрш нутагт ажиллахаа гэнэт больчихно гэсэн юм байхгүй. Сүлжээний нэвтрүүлэх чадвар нь хөрш нутгууд руу ямар ч хүндрэлгүй нэвтрэх боломжтой. Энэ нь манай агуу халдлагаас хамгаалах системийг сүйтгэчихгүй гэж үү?" хэмээн Шанхайн тоймч Чэнь Жисэнь блогтоо бичжээ.
Чэний үзэж байгаагаар, Монгол болон Хятадтай хил залгаа Пакистанд ч үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа Старлинк ажиллаж эхлэснээр хөрш орнуудад нийгмийн тогтворгүй үйл явдал гарвал түүнтэй холбоотой мэдээллүүд Сталинкийн үйлчилгээгээр дамжиж Хятадын оршин суугчдад нөлөөлж болзошгүй гэнэ.
Түүнчлэн, Старлинк нь хараат бус үйлчилгээ үзүүлдэг тул энэ үйлчилгээг авч буй улс орнууд үймээн самуун зэрэг үйл явдал өрнөсөн нөхцөлд интернетийг салгах боломжгүй гэдгийг тоймч Чэн онцолжээ.
Дайны цаг үе тулгарсан нөхцөлд Старлинкийн давхар зориулалттай хиймэл дагуулууд нь Хятадын мэдээллийн болон үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гэж бусад шинжээчид анхааруулж байгаа аж. Нөхцөл байдалтай холбоотой тайлбар хийх хүсэлтийг SpaceX компанид Хятадын хэвлэлийнхэн тавьсан ч ямар нэг хариу аваагүй байгаа гэнэ.
Бээжингийн болгоомжлол
Энэ оны тавдугаар сарын байдлаар Старлинк компани дэлхий орчим тойрог замд 4000 гаруй хиймэл дагуул хөөргөж, жигд хөгжих сүлжээ бий болгосон юм. 2027 оны дунд үе гэхэд энэ компани хиймэл дагуулынхаа тоог 42 000-д хүргэхээр зорьж байгаа. Одоогоор энэ компанийн үйлчилгээг 32 орон авч байгаа гэнэ.
Өнгөрсөн оны тавдугаар сард Хятадын цэрэг, улс төрийн People's Liberation Army Daily сонин "Старлинкийн балмад эзлэн түрэмгийлэл болон түүний цэргийн зориулалтаас болгоомжил" нэртэй нийтлэл гаргаж байв.
"Старлинк компани өндөр хурдны интернетийн үйлчилгээгээ иргэний зориулалтаар үзүүлдэг гэж мэдэгддэг ч энэ компани АНУ-ын Зэвсэгт хүчинтэй холбоотой баялаг түүхтэй. Энэ компанийн хөөргөх төвүүдийн нэг нь АНУ-ын армийн Агаарын цэргийн хүчний Ванденберг баазын нутаг дэвсгэр дээр байрладаг, мөн өөрийн хиймэл дагуул болон АНУ-ын Агаарын цэргийн хүчний сөнөөгчдийн хоорондын хамгаалагдсан холбоог туршиж байсан" хэмээн энэ нийтлэлд өгүүлсэн байв.
Мөн Старлинкийн сансрын аппаратууд нь мэдээлэл дамжуулах, навигаци, бай заах системээр дамжуулан Америкийн зэвсэгт хүчний байлдааны чадварыг дээшлүүлэх чадвартай гэж нийтлэлд онцолжээ.
Г.Бямбасүрэн