Сүүлийн үед манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, тэдгээрийн дунд Өмнөд Солонгосоос аялагчдын тоо жин дарж байгаа юм. Энэ нь тус улсын алдартнууд удаа дараа Монголд зочлон, төрөл бүрийн нэвтрүүлэг хийж, манай улсыг сурталчилсантай холбоотой бөгөөд энэ жил Өмнөд Солонгосын жуулчид Монголыг зорих нь хэд дахин нэмэгдсэн талаар Өмнөд Солонгосын Mobile Newsis хэвлэл онцолжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2023 оны эхний хагаст Өмнөд Солонгосоос 250 000 зорчигч Монголд ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.
Монголыг зорих аялал эрэлттэй байгаа, тэр дундаа MZ (миллениал +Z үеийнхэн) үеийнхэн энэ улсыг ихээхэн сонирхож байгаа, тиймдээ ч агаарын тээврийн компаниуд Монголыг чиглэсэн нислэгийн тоогоо нэмэхээр бүхий л чадлаараа хичээж байна. Улмаар Korean Air зэрэг томоохон агаарын тээврийн компаниуд ирэх наймдугаар сард нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр болсон гэж Mobile Newsis мэдээлжээ.
Нийтлэлд онцолсноор, Монголд экологийн цэвэр аялал жуулчлалын чиглэлүүд байдаг, тэр дундаа Тэрэлж үндэсний парк, Хонгорын элс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, түүнчлэн тийзний үнэ хямд, виз авах шаардлагагүй гэдэг нь жуулчдыг татах гол хүчин зүйлс болж байгаа аж.
Нисэхийн мэдээллийн порталаас гаргасан долдугаар сарын 20-ны өдрийн мэдээллээр, энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд Өмнөд Солонгосоос 255 957 зорчигч Монголд ирсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн энэ хугацаанд 1429 нислэг үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 130,1 хувиар их байгаа юм.
Korean Air компани одоогийн байдлаар Инчон-Улаанбаатар чиглэлд долоо хоногт найман удаа нислэг үйлдэж байгаа аж.
Өмнө нь, зургадугаар сар хүртэл энэ компани долоо хоногт долоон удаа нислэг үйлдэж байсан бол аялагчдын тоо нэмэгдсэнээр нислэгийн тоогоо найм болгон нэмжээ. Цаашлаад, ирэх наймдугаар сараас эхлэн долоо хоногт 10 нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа талаар эх сурвалж онцолсон байна.
Түүнчлэн Asiana Airlines болон Jeju Air агаарын тээврийн компаниуд долоо хоногт дөрвөн нислэг үйлддэг байснаа тав болгон нэмжээ. Мөн T'way Air агаарын тээврийн компани Инчон-Улаанбаатар чиглэлийн нислэгээ долоо хоногт гурав байсныг дөрөв болгон нэмсэн бол энэ сарын 28-ны өдрөөс эхлэн Тэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх аж.
Г.Бямбасүрэн