Хятадын хайлтын систем болон мэдээллийн суваг болох Baidu дээр олон мянган дагагчтай Та хэмээх нийтлэлч “Монгол НАТО-д элсэх шийдвэрээ зарлавал Украин шиг хувь тавилантай нүүр тулах уу” гэсэн нийтлэл гаргажээ. Энэ нийтлэлийг товчлон хүргэж байна.
НАТО дорно зүг рүү хүрээгээ тэлсэн нь эцсийн дүнд Орос, Украины хоорондын сөргөлдөөнийг өдүүлж, түүнчлэн НАТО Хятадыг ч онилж магадгүй гэж хятадууд болгоомжлох шалтгаан болсон юм. Мөн хөрш Монгол Улс НАТО-д элсвэл Хятад, Монголын хооронд Орос, Украиных шиг дайн үүсэх эсэх талаарх асуултыг олон нимйтийнх сүлжээний хэрэглэгчид тавьжээ. Энэ бол уран төсөөлөл биш, Монгол дахь дотоодын нөхцөл байдал 2014 он хүртэлх Украины нөхцөл байдалтай тун ижил. Хүмүүс нь Хятадыг эсэргүүцэж, үндсэрхэг үзэлд хэт автсан.
Монгол НАТО-д элсэх үү?
Монгол зарим үзүүлэлтээрээ үнэхээр л НАТО-ын нөхцөлүүдэд нийцдэг. Түүнчлэн Монгол Улс гуравдагч хөршүүдийг хайх дипломат стратеги баримталдаг юм. Энэ улсад үндсэрхэг үзэл болон неонацизм ч газар авсан.
Гэхдээ Монгол Улс НАТО-д үнэхээр орох эрмэлзэлтэй байлаа гэхэд бодит геополитикийн нөхцөл бараг л үгүй. Монгол Улсын газарзүйн байрлал нэн өвөрмөц, энэ улс Орос, Хятадын хооронд хавчуулагдсан, газарзүйн хувьд өөр хөрш оронгүй тул бусад орнуудтай гүн гүнзгий харилцаатай байж, хамтран ажиллахад ихээхэн саад болдог юм.
Нөгөө талаас, энэ байрлал нь Монгол Улсыг нэн аюулгүй байлгаж байгаа. Монголын эсрэг хүч хэрэглэх гэсэн аливаа орон Хятад эсвэл Оросыг ялах хэрэгтэй болно. Мөн цэргийн хоёр том гүрний хамгаалалтанд байгаа Монгол Улс үндэсний батлан хамгаалахаа ч хөгжүүлэх шаардлагагүй. Өөр өнцгөөс нь харвал, Хятад, Орос Монголын хөгжлийн орон зайг хязгаарладаг. Монгол тэсэж үлдье гэвэл Хятад, Оростой сайн харилцаатай байх хэрэгтэй. Өөр сонголт үгүй.
Монгол Улс НАТО-д элсэхийг хүслээ гэхэд Хятад, Орос нутаг дэвсгэр, агаарын орон зайг нь хаачхад л хангалттай. Ингэсэн цагт Монголын засгийн газрын гишүүд эх газрыг орхин гарах аргагүй болно.
<...> Монгол Улс НАТО-д элсэх хүсэлт гаргах аргаа оллоо гэхэд НАТО Монголыг гишүүнээр элсүүлэн авах бараг л боломжгүй. Энэ нь НАТО байгуулагдсан зорилго болон хөгжлийн загвартай хамаатай. НАТО бол цэвэр цэрэгжсэн байгууллага. Анх ЗХУ-ын зүгээс ирэх цэргийн аюул заналтай тэмцэх зорилгоор байгуулагдсан. ЗХУ задран унасны дараа НАТО-ын бай нь Орос Улс болсон бөгөөд үйл ажиллагааны гол хүрээ нь Европ болохоос Ази, Номхон далайн бүс нутаг биш. АНУ Монголыг ашиглах санаа төрлөө ч үүндээ НАТО-г ашиглахгүй.
<...> Монголыг НАТО-ийн гишүүнээр элсүүлэх боломжгүйн дээр НАТо Монголын талаар бодож ч зүрхлэхгүй. Буфер бүсийг Хятад, Орос тогтоосон тэр л үед Монгол тусгаар тогтносон юм. Тиймээс Монгол Улсад улс төрийн чиг хандлагын тодорхой үзэл баримтлал байхын дээр төвийг сахисан байр суурь баримтлах нь энэ улсын цорын ганц сонголт юм.
<...> НАТО Монголыг хоёр дахь Украин болгон хувиргах гэвэл Оросыг хилэгнүүлээд зогсохгүй Хятадад заналхийлнэ. Ерөнхийдөө бол, дэлхийн хоёр том гүрний хилэнг төрүүлэх жижигхэн орон эмгэнэлтэй хувь заяатай нүүр тулна. Тэр бүү хэл, Монгол Улс өглөө нь НАТО-д элслээ гэж зарлавал үдэш гэхэд л оршин тогтнохоо больж, Хятад, Оросын хамтын удирдлаган доорх хөндлөнгийн нутаг дэвсгэр болно гэж хэлчихэд нэг их буруудахгүй.
<...> Үнэн хэрэгтээ, Монгол Улс хязгаарлагдмал геополитикийн бүтцээс сална гэж үргэлж найддаг байсан хэдий ч үнэн хэрэгтээ Монголын хөгжлийн боломж нь Хятад, Орост л нуугдаж байгаа юм.
Орос бол дэлхийн томоохон эрчим хүчний орон, харин Хятад бол дэлхийн хангамжийн том зах зээл төдийгүй томоохон аж үйлдвэрийн орон. Монгол Улс Хятад, Оростой харилцаагаа бодитоор гүнзгийрүүлж, хамтын ажиллагаа эхлүүлвэл энэ улс хөлжих боломжтой юм.
Гэвч үүнийг ойлгох хангалттай ухаантай удирдагч Монголд олдохгүй л байна, харин ч эсрэгээрээ, удирдагч нь дотоодын эдийн засгийн уналтаас үүдсэн нийгмийн сөргөлдөөнийг Хятад, Орост дайсагнасан олон нийтийн дайсагналыг нэмэгдүүлэхэд чиглүүлж байна.
Энэ байдал нь өнөөдөр Монгол Улс нүүр тулсан хүндрэлтэй байдлыг өөрчлөхгүй, харин ч Орос, Хятад Монголд хандах хандлагаа өөрчилж, ингэснээр Монголын ирээдүйн хөгжилд нэн таагүйгээр нөлөөлөхөд хүргэх юм.
Г.Бямбасүрэн