Польш улс Беларусьтай залгаа хил дээрх цэргийн бүлэглэлдээ хүч нэмэхээр шийджээ. Энэ талаар Польшийн армийн Ерөнхий командлал мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна.
"Бид Зүүн Польш дахь цэргийн хүчээ зузаатгана. Армийн 12 дугаар механикжуулсан бригад болон 17 дугаар механикжуулсан бригадын бүрэлдэхүүнээс 1000 цэргийн алба хаагч, 200 цэргийн техникийг татан төвлөрүүлнэ" хэмээн Польшийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлалын мэдээлэлд өгүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Польш улс Беларусьтай залгаа хил рүү 500 цагдааг илгээхээр болсон бөгөөд үүнийгээ "байдал хүнд" байгаа хэмээн тайлбарлаж байв. Тэд хилийн албаны 5000 ажилтан, 2000 цэргийн алба хаагчидтай нэгдэн хилийн аюулгүй байдлыг хангах юм байна.
Польш ийнхүү хилийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах болсон нь Оросын Вагнер хувийн цэргийн компани Беларусь руу шилжин байршиж болзошгүй гэсэн таамаглалтай холбоотой юм.
Евгений Пригожин зургадугаар сарын 24-ний өдөр бослого гаргах оролдлогынхоо дараа Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкотой хэлэлцэж, Беларусь руу явахаар тохиролцож байв. Мөн хувийн цэргийн компанийн хөлсний дайчдыг ч Беларусь руу шилжүүлэн байршуулж болзошгүй гэсэн мэдээлэл гарч байлаа.
Үүний дараа Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгдэл хийхдээ Беларусь руу вагнерчуудыг шилжүүлэн байршуулах нь Польшийн хувьд "тун муугийн дохио" хэмээн онцолж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |